Байгууллагын хүчин чадлын үнэлгээгээр тоон үзүүлэлтээс чанарт шилжих цаг болсныг харууллаа

Нийтэлсэн өдөр: 2016.09.16, баасан

Монголын улаан загалмай нийгэмлэг байгууллагын хүчин чадлын үнэлгээг  /OCAC/хоёр жилийн өмнө хийж, дутагдалтай тал 60 хувь, ололттой нь 40 хувиар үнэлэгдэж байсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэхүү 40:60 харьцааг эсрэгээр нь нь өөрчлөхийн  тулд ажиллаж чадсан эсэхээ үнэлүүлэх хоёрдахь шатны үнэлгээг хийлээ. Байгууллагын хүчин чадлын үнэлгээг хийхэд Улаан загалмайн удирдлагуудаас гадна дунд, анхан шатны хорооны  төлөөлөл, Сайн дурын идэвхтэн, залуучуудын улаан загалмайч  гээд бүх гишүүдийн төлөөлөл оролцдог.  

Мөн ОУУЗУХСНХ-ны Зүүн Азийн газрын байгууллагын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Алекс Торрис болон Мьянмар, Японы Улаан загалмайн энэ чиглэлийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, чиглүүлэгчээр ажилласан юм.

 

 

Үнэлгээ нь байгууллагын  хууль, дүрмийн хэрэгжилт, бодлого,  үйл ажиллагаа буюу  оршин тогтнох байр суурь болон ажилтан, сайн дурынхны бүтэц, ажиллах нөхцөл,  хүний нөөц, аюулгүй байдал, захиргаа, харилцаа холбоо, дэд бүтэц гэх зэрэг бүлэг асуудлуудыг  багтаа сан 94 асуумжаар үнэлж,  дүгнэлээ.

Үнэлгээг A, B, C, D, E  гэх таван үзүүлэлтэд хангасан эсэхээр багууд үнэлж, олонхийн санал авсан үнэлгээг баталгаажуулан жагсааж байв. Харин үнэлгээ зөрсөн, санал нэгдээгүй тохиолдол бүрийг хэлэлцэн мэтгэлцэх, зөвлөлдөх зарчмаар нээлттэй зохион байгуулсан юм.

 

 

Хоёр өдрийн үнэлгээний дүнгээр A буюу хамгийн тааруу үнэлгээг 10 асуудал, түүний дараа  B үнэлгээг 22, С үнэлгээг 32, D үнэлгээг 23,  хамгийн сайн E  үнэлгээгээр 3 гэхчлэн  үйл ажиллагааг бүрийг үнэлж, дүгнэлээ.

Эцэс нь Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүчин чадлын үзүүлэлт  зорьсон үр дүнгээ давуулан  65:35 харьцаагаар үнэлэгдлээ. ОУУЗУХСНХ-ны Зүүн азийн газрын байгууллагын хөгжлийн асуудал хариуцсан Алекс Торрис болон Мьянмар, Японы Улаан загалмайн чиглүүлэгч багш нар МУЗН-ийн үйл ажиллагааны үнэлгээ бүсийн хэмжээндээ дээгүүрт  үнэлэгдэж, бодит  өөрчлөлт авчирсныг онцлон, баяр хүргэж байв

 

 

МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хэлэхдээ, хоёрдахь шатны үнэлгээний үр дүнд санаа амрах бус тоон үзүүлэлтээс  чанарын үзүүлэлтэд шилжих цаг болсныг  харууллаа. Өөрөөр хэлбэл, хүрсэн үр дүнгээ улам баталгаажуулан байгууллагын хөгжлийн тогтвортой байдлыг хадгалах нь хамгийн чухал юм. Тиймээс хөгжлийн дараагийн алхамд МУЗН шилжих цаг үедээ иржээ  гээд энэхүү байгууллагын хүчин чадлын үнэлгээг хийхэд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийллээ.

 

 

Байгууллагын хүчин чадлын үнэлгээний үр дүнг улаан загалмайчдаараа   хэлэлцүүлж, дараагийн үйл ажиллагаагаа тодорхойлох юм.