Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Британы улаан загалмай нийгэмлэгтэй хамтарсан Монголын улаан загалмай нийгэмлэгийн гамшгийн хариу арга хэмжээ авах хүчин чадлын үнэлгээний дүгнэлт семинар зохион байгуулагдлаа

Нийтэлсэн өдөр: 2016.09.16, баасан

 

Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН)-ийн гамшгийн хариу арга хэмжээ авах хүчин чадлыг үнэлэхээр Олон улсын баг бүрэлдэхүүн 6-р сард ирж ажилласан. МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газар  болон Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хороонд 2016 оны 6 сарын 18-22 өдрүүдэд “Үер”-ийн гамшиг сэдвийн хүрээнд гамшгийн хариу арга хэмжээ авах хүчин чадлын үнэлгээг зохион байгуулсан. Үнэлгээгээр МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газар, Дунд шатны улаан загалмайн хороотойгоо их хэмжээний Үерийн үед хэрхэн хамтарч ажиллах, хариу арга хэмжээ авах зэрэг чадавхийг үнэлсэн бөгөөд үнэлгээний үр дүнд суурилсан семинарийг 2016 оны 8 сарын 8-10 өдрүүдэд МУЗН-ийн төв байранд зохион байгууллаа. Уг семинарт Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Канад, Британи, Финлянд, Японы улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчид, МУЗН-ийн ЕНБДГ-ын ажилтанууд, Дархан-Уул аймаг, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Дунд шатны улаан загалмайн хорооны дарга нар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар болон Японы хүүхдийг ивээх сангийн төлөөлөл гэсэн нийт 29 хүн оролцлоо.

 

 

Семинар 3 хоногийн турш амжилттай зохион байгуулагдсан бөгөөд оролцогчид үнэлгээний тайланд тулгуурлан МУЗН-ийн нэн тэргүүнд хэрэгжүүлэх 5 үндсэн зорилтыг тодорхойллоо. Зорилтот тулгуурлан МУЗН-ийн гамшгийн менежментийн бодлого, стратеги, гамшгийн үед ажиллах бүтэц зохион байгуулалт, гамшгийн хариу арга хэмжээ авах төлөвлөгөө, болон зудын үнэлгээнд суурилсан зудын бэлэн байдал, нөхөн сэргээх чиглэлээр төсөл, бичиг баримт боловсруулж, ажиллахаар боллоо.