Нийтэлсэн өдөр: 2016.08.06, бямба
2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас тус аймгийн төв Өлгий суманд их хэмжээний хохирол дагуулсан үер боллоо. Үерт1 хүүхэд амь эрсдэж, 105 байшин, барилга нурж, нийт 361 өрхийн 1664 иргэн нэрвэгдэж, 2,3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол гарчээ. 2016 оны 8 сарын 2-ны өдрийн мэдээгээр, засгийн газар болон хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд нийт хохирлын 15%-тай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламжийг нэрвэгдэгсдэд үзүүлээд байна. Гэсэн хэдий ч, нэрвэгдсэн иргэдийн үлдсэн хувь буюу 85% нь өнөөдрийг хүртэл түр орогнох байранд амьдарч, суурь хэрэгцээгээ хангаж чадахгүй нөхцөл байдалтай байна.
Одоогийн байдлаар дараах тусламжийг нэрвэгдэгсдэд үзүүлээд байна:
- - Орон нутгийн Онцгой байдлын хэлтсийн эрэн хайх, аврах баг нэрвэгсдэд тусламж үзүүлсэн
- - Үерт нэрвэгдсэн 400 га газрыг халдварт өвчны тархалт гарахаас сэргийлж, ариутгалыг хийсэн
- - Нэрвэгдсэн хүмүүст 70 хучлагагүй гэр хандивласан
- - Орон нутгийн засаг захиргаа нийт 700 нэрвэгдэгдсдэд 10 хоногийн хүнсний багцын дэмжлэг үзүүлсэн
- - Баян-Өлгий аймгийн Улаан загалмайн хорооноос 60 хөнжил, 60 гудас, Монголын улаан загалмай нийгэмлэгннс 100 хувцас, 100 усны сав, 10 хлорамин, 100 хөнжил, 100 гудсыг 9 сарын 19-ний өдөр тус тус нэрвэгдэгсдэд хандивласан
- - “Сод Монгол” ХХК 21 гэр, Дэлхийн зөн Олон улсын байгууллага 5 гэр болон, тээврийн зардал, ADRA Монгол Олон улсын байгууллага 48,200 төгрөгний хүнсний багцыг 290 нэрвэгдэгсдэд үзүүлж, “Мобиком” компани хувцас, гурил, буудай, зуух болон ариутгагч бодисны дэмжлэг үзүүлж, Казакстан улсын Засгийн газар 200,000 ам долларын тусламжийг үзүүлэхээ амалсан.
Ихэнх нэрвэгдсэн өрх орон гэрээ 100% үерт алдаж, найз нөхөд, төрөл төрөгсдийнхөө гэрт хорогдож байна. Нийт 95 гэрийг байгууллагууд хандивлаж, үлдсэн хүмүүс сургуулийн байранд түр орогнож байна. Хэдийгээр зуны гэрийг дэмжлэг болгон өгсөн ч, үндэстний цөөнх маань уламжлалт шавран байшинд амьдардаг, зуны гэртэй хүйтэн өвлийг давахад хүнд хэмээн тайлбарлаж байсан.
Түүнчлэн орон байраар зогсохгүй нэрвэгдэгсдийн дийлэнх нь олон тооны эд материалын хорхирол амссан ба тэдэнд одоо хүнс, эрүүл ахуй, ариун цэврийн хэрэгсэл, хөнжил, гудас, цагаан хэрэглэл, хувин, гал тогооны хэрэгсэл, түр орогнох байр, агуулах болон амьдрал ахуйн наад захын хэрэгцээнүүд нэн шаардлагатай байна.