Дунд шатны хороодын нягтлан бодогч нарын сургалт боллоо

Нийтэлсэн өдөр: 2016.07.18, даваа

       МУЗН-ийн Дунд шатны хороодын нягтлан бодогч нарын сургалтыг 2017 оны 7 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд нийгэмлэгийн санхүүгийн алба, захиргаа, удирдлагын баг хамтран амжилттай, үр дүнтэй зохион байгууллаа.

Сургалтанд дунд шатны 29 улаан загалмайн хорооны нягтлан бодогчид идэвхи санаачлагатай, ажил хэрэгч, бүтээлчээр оролцлоо.

       Шинэчлэгдэн батлагдсан МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 234 дүгээр тогтоол гарч  дунд шатны улаан загалмайн хороод 2017 оноос орон нутгийн төсвөөс дэмжлэг авахаар болсон билээ.

       Сангийн яамны Төсвийн бодлогын газрын зөвлөх Ц.Долоонжин урилгаар оролцож, улс, орон нутгийн төсвөөс авах санхүүгийн дэмжлэг-зардлыг төлөвлөхөд анхаарах асуудлын талаар үнэтэй зөвөлгөө өглөө.

       Төр-МУЗН-ийн хамтын ажиллагааны чиглэлийг дунд шатны хороодын тогтвортой хөгжлийн үзүүлэлттэй уялдуулан 2017 онд орон нутгийн төсвөөс авах санхүүжилтийн төслийг бэлтгэхэд дотоод аудитор У.Баярмаа удирдлага, арга зүйгээр хангаж, нягтлан бодогчид практик ажил гүйцэтгэн төсвөө төлөвлөв.

       Сургалтын хөтөлбөрийн дагуу дунд шатны улаан загалмайн хороодын 2016 оны эхний хагас жилийн тайлан балансыг програм хангамж ашиглан гаргах практик сургалтыг нягтлан бодогч М.Лхагвадорж удирдан явууллаа.

       Нийт нягтлан бодогчдод Нягтлан бодох бүртгэлийн болон Төсвийн тухай хууль, төсвийн төсөл боловсруулахад мөрдөх эрх зүйн баримт бичгүүд, аж ахуйн нэгж байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн маягт, ажил гүйцэтгэх гэрээ, загварууд, тайлан балансын иж бүрдэл мөн бусад мөрдөх маягт загваруудыг файлаар болон флашаар өгсөн болно.

       Сургалтын үеэр нийт нягтлан бодогчдын анкет, бүртгэлийг шинэчилж, дунд шатны хорооны газар эзэмшилт болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, мөн 12 дунд шатны хорооны 2015 оны санхүүгийн баримтыг танилцаж арга зүйн зөвөлгөө, зөвлөмж өгөхөөр жагсаалтаар хүлээн аваад байна.

       Нийт нягтлан бодогчид сургалтын үр дүнд сэтгэл өндөр байсны дээр цаашид сургалтанд тогтмол хамруулах, хугацааг нэмэх, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар саналаа нээлттэй танилцуулж байлаа.

Сургалт зохион байгуулсан болон оролцсон нийт санхүүгийн ажилтнууддаа ажлын амжилт хүсье.

 

МУЗН-ИЙН САНХҮҮГИЙН АЛБА