Нийтэлсэн өдөр: 2016.06.14, мягмар
Булган аймгийн Улаан загалмай хорооны үйл ажиллагаа жигдэрч, залуу малчдын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон Булган аймгийн 200 орчим малчид энэхүү уулзалтад иржээ. Чуулга уулзалт 6 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд аймгийн Хөгжим драмын театрт болсон.
Булган аймгийн Улаан загалмай хороо аймгийн Засаг даргын тамгын газар, ИТХ болон Онцгой байдал, Хөдөө аж ахуйн газартайгаа хамтран зохион байгуулсан юм. Уулзалтад хөдөө аж ахуйн салбарын нэр хүнд бүхий хүмүүс урилгаар оролцсон. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар Л.Полоо, Гавъяат малчин О.Дорж, Дамбийжанцан, анхны гавъяат малчин Го.Доржийн зээ охин Дэнсмаа зэрэг алдартнууд хүрэлцэн иржээ. Малчдын чуулга уулзалт малын ашиг шимийг дээшлүүлэх, залуу малчдыг мал маллах арга ухаанд сургах, аймгийн Хөдөө аж ахуйн газраас малын ашиг шимийг дээшлүүлэхийн тулд ямар тусламж үзүүлэх талаархи сургалт, мэдээлэл хосолсон нь ихээхэн ач холбогдолтой байв. Чуулга уулзалтад МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон тус аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар оролцож үг хэллээ.
Хэнтий аймгийн Баян-Адарга суманд энэ сарын 6-8-ны өдрүүдэд тус аймгийн малчдаас гадна Дорнод, Сүхбаатар аймгийн малчид оролцсон уулзалт болов. Мөн уулзалтад ӨМӨЗО-ны Зүүн барга хошууны малчдын төлөөлөл оролцсон нь онцлог байв.
Хэнтий аймгийн Улаан загалмай хороо Ивээн тэтгэгч, Онцгой гишүүд олонтой, малчдын чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулдаг туршлагатай. Өөрөөр хэлбэл, малчдыг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд татан оролцуулах, тэднийг дэмжих хамтын ажиллагаа нь бусдад туршлага болдог юм. Энэ жилийн 6 дахь удаагийн чуулга уулзалтыг байгалийн үзэсгэлэнт Баян-Адарга сумандаа ийн зохион байгууллаа.
Уулзалтаар гамшгийн сан бүрдүүлэх талаар хэлэлцэн шийдвэрлэж чадлаа. Зуд турхан зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн даван туулах чадварыг сайжруулахын тул тусламж авахаас гадна, өөрсдөө гамшгийн бэлэн байдлыг хангах сан бүрдүүлэхэд малчид нэгдэв.
Сангийн анхны хөрөнгийг бүрдүүлэхэд аймаг тус бүрийн малчид хандиваа өглөө. Тухайлбал, тугалтай үнээ, адуу, хивэг, өвс зэргийг малчид амалж, сангийн анхны хөрөнгө бүрэлдсэн байна.