Нийтэлсэн өдөр: 2016.09.24, бямба
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Үндэсний гамшигтай тэмцэх баг бэлтгэх сургалт боллоо. Сургалтад Ерөнхий нарийн бичгийн даргын газрын ажилтнууд болон зарим Дунд шатны хорооны дарга, арга зүйчид оролцсон юм.
Үндэсний гамшигтай тэмцэх багийн гишүүдийг бэлтгэх, гамшгийн менежментийн аргачлал ба стратеги, гамшгийн тусламжийн үед баримтлах үндсэн зарчмуудын тухай суурь мэдлэг, ойлголтыг олгох зорилготой байсан. Мөн гамшгийн үеийн ус, эрүүл ахуй, гамшгийн яаралтай үеийн сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, хариу арга хэмжээ авах ажлын төлөвлөгөө гаргах, тусламжийн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, зохион байгуулах, гамшгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд суралцсан байна. Тухайлбал, гамшгийн нэн яаралтай болон дараа үеүдэд ямар зүйл шаардлагатай, газар хөдлөлт болон аливаа гамшгийн үед мэдээллийг хэрхэн бодитой мэдээлэл авч, шаардлагатай тусламжийг хэрхэн тодорхойлох вэ зэрэг дадлага ажлуудыг хийлээ. Мөн зудын тусламжийн үед тухайн орон нутгийн удирдлага, иргэд болон зудад нэрвэгдсэн малчидтай хэрхэн харилцаж, үйл ажиллагаагаа ямар арга замаар зөв тайлбарлан ойлгуулж хамтран ажиллах талаар жүжигчилсэн тоглолт хийсэн нь сонирхолтой агаад үр дүнтэй байв.
Гамшгийн дараахь ус эрүүл ахуйн асуудлыг зохистой шийдэх нь хамгийн чухал зүйл. Усыг халдваргүйжүүлэх арга зам, халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд гамшигт нэрвэгдэгсдэд хэрхэн туслах вэ зэрэг сэдвүүдийг хөндсөн юм. Мөн гамшгийн дараахь халдварт өвчлөлийн эхэнд гэдэсний суулгалт өвчлөл их гардаг учраас хэрхэн сэргийлэх , хамгаалах талаархи мэдлэгийг эзэмшлээ.
ОУУЗУХСНХ-ны Зүүн Азийн төлөөлөгчийн газрын бүсийн эрүүл ахуйн менежер Hong CHEN гамшгийн дараахь нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх талаарх аргачлал, бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.
Сургалтыг Монголын улаан загамлай нийгэмлэгийн Гамшгийн хөтөлбөрийн ажилтнууд болон ОУУЗУХСНХ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын зохицуулагч Энхжин нар удирдан зохион байгуулсан.
2011 онд МУЗН ОУУЗУХСНХ, Норвегийн улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Үндэсний гамшигтай тэмцэх багийг 15 хүний бүрэлдэхүүнтэй анх байгуулж байжээ. Түүнээс хойш 2012, 2015 онуудад Үндэсний гамшигтай тэмцэх багийн сургалт 2 удаа зохион байгуулагдсан юм. Харин энэ удаагийн сургалтад 2015 онд бэлтгэгдсэн Үндэсний гамшигтай тэмцэх багийн 15 гишүүнээс 10 гишүүн, нэмж шинээр 10 гишүүн бэлтгэгдлээ.
Үндэсний гамшигтай тэмцэх багийн гишүүд нь гамшиг тохиодох үед зайлшгүй бэлэн байж, яаралтай хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд оролцох үүрэг хүлээдэг юм.