Нийтэлсэн өдөр: 2016.05.10, мягмар
Хүмүүнлэгийн чуулга уулзалтад МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Та бүхэнд Монгол Улсын Хүмүүнлэгийн өдөр, Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар хөдөлгөөний өдрийн мэндчилгээ дэвшүүлж, Хүмүүнлэгийн чуулга уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье.
Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй, зовж зүдэрсэн нэгэндээ халуун сэтгэлээр гар сунган тусалдаг, хөх тэнгэртээ сүү өргөн сайн сайхныг билэгддэг ард түмэн билээ.
Бидний амьдарч буй дэлхий ертөнц асар хурдан өөрчлөгдөж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, урьд өмнө тохиолдож байгаагүй томоохон хэмжээний гамшиг, осол, гоц халдварт өвчин, нийгмийн эмзэг байдал зэрэг байгаль орчин болон нийгмийн шинэ сорилтуудтай тулгарч байна.
Хүмүүнлэгийн үйлсэд тулгарч буй шинэ сорилтуудыг нэгдмэл хүчин чармайлтаар шийдвэрлэхийг дэлхийн хамтын нийгэмлэг уриалж байна.
Хэдхэн хоногийн дараа Турк улсын Истанбул хотноо НҮБ-ын санаачилгаар “Дэлхийн хүмүүнлэгийн чуулга уулзалт” болох гэж байна.
Жил бүр зуун сая гаруй хүний амьдралд нөлөөлж байгаа байгалийн гамшиг нь 140 гаруй тэрбум америк долларын хохирол учруулж байна.
Монгол орны хувьд хамгийн түгээмэл тохиолдож байгаа байгалийн гамшиг бол Зуд юм.
Монголын улаан загалмай нийгэмлэг нь төрдөө туслах үүрэгтэй Үндэсний хүмүүнлэгийн байгууллагын хувьд зудын эрсдэлийг бууруулах, малчин өрхийн даван туулах чадварыг сайжруулах, тэдэнд яаралтай тусламж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн өвөлжилт хүндэрсэн аймгуудад нөхцөл байдлын үнэлгээ хийж, Онцгой байдлын ерөнхий газартай идэвхитэй хамтран ажиллаж ирлээ.
Манай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбоонд 1954 онд элссэн 84 дэх гишүүн байгууллага бөгөөд зудад өртсөн хүнд нөхцөлд байгаа малчдад туслах уриалгыг Олон улсын Улаан загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо болон Үндэсний нийгэмлэгүүдэд хандан гаргасан юм.
Бидний уриалгыг Америк, Канад, Англи, Финлянд, Швед, Япон, Дани, Норвеги, Монако, БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгүүд болон Европын холбооноос дэмжиж, нийт 1,6 тэрбум төгрөгтэй тэнцэх хүмүүнлэгийн тусламжийг зудад өртсөн 17 аймгийн 106 сумын 5100 өрхийн 25500 хүнд хүргэж байна.
Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг сумдын малчдад туслах хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байгаа Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоо, бусад Үндэсний нийгэмлэгүүд, Европын Холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин төлөөлөгчийн газар, түүний төрөлжсөн байгууллагууд, Каритас Чех, PEOPLE IN NEED, Мерси Кор, Дэлхийн зөн Монгол, Дэлхийн Амьтныг хамгаалах сан, Хүүхдийн Ивээх Сан болон Монгол улсын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Монголын улаан загалмай нийгэмлэгийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүд хүмүүнлэгийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж байдаг бөгөөд энэ оны 1 дүгээр сард МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аас шинэчлэн баталсан.
Мөн хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоол гаргаж, хүмүүнлэгийн чиглэлээр Засгийн газрын зарим чиг үүргийг МУЗН-ээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газар, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хамтын ажиллагааны зөвлөлийг үндэсний болон орон нутгийн түвшинд байгуулах, Улаан загалмай нийгэмлэгт төсвөөс дэмжлэг үзүүлэх, Төр, Улаан загалмайн хамтын ажиллагааны гэрээ байгуулахад Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар Таны оруулж буй хувь нэмрийг Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн хамт олон, гишүүд, дэмжигчид өндрөөр үнэлж, талархаж байна.
Цаашид Монголын улаан загалмай нийгэмлэг нь гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, орон нутаг, хамт олон, иргэдийн даван туулах чадварыг сайжруулахын төлөө илүү идэвхи, санаачилгатай ажиллах болно.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооноос “Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг нэг тэрбум хүнд хүргэхийн төлөө нэгдэцгээе” уриалгыг дэлхий дахинд гаргасан юм.
Энэхүү санаачилга нь гамшгийн эрсдэлийг бууруулах, Сэндайн гэрээнд заасан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үндэсний сүлжээ, бүтцийг бий болгоход чиглэж байна.
Бид Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг нэг тэрбум хүнд хүргэх санаачилгын нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Та бүхнийг ч бас бидэнтэй нэгдэхийг уриалж байна.
Хүмүүнлэгийн үйлс улам түгэн дэлгэрэх болтугай.