МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн өдөр: 2016.05.08, ням

  Эрхэм хүндэт Улаан загалмайчид, Сайн дурын идэвхтэн, гишүүд, дэмжигчид болон хүмүүнлэг  үйлсийг дэмжигч Та бүхэндээ дэлхийн Хүмүүнлэгийн өдрийн баярын мэнд хүргэе.

 Монгол Улсын Засгийн газар 2011 онд жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг Үндэсний  Хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэх тухай шийдвэр гаргасан юм. Тиймээс энэхүү өдөр хүмүүнлэгийн   үйлсийг дэмжигч хүн бүр бусдын сайн сайхны төлөө хийсэн, бүтээснээ бахархан дурсах, цаашдын  үйл хэргээ бүтээх эрч хүчийг авах учиртай.

 Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 84 дэх гишүүн байгууллага юм.

 Дэлхийн 190 орны Үндэсний нийгэмлэгийг эгнээндээ нэгтгэсэн Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо болон Олон улсын Улаан загалмай хороо нь байгалийн гамшиг, зэвсэгт мөргөлдөөн зэрэг хүний амь нас, эрүүл мэндэд халдсан тохиолдол бүрт төдийгүй эмзэг байдалд буй хүн бүрийг  асран хамгаалах, аврах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг дэлхий дахинд аюулгүй амар амгалан, энх тайванч амьдралыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэхийн төлөө үргэлж  шинэчлэгдэн,  үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.  Бид хууль эрх зүйн орчноо сайжруулан хүнлэг, энэрэнгүй нийгмийг байгуулахад төрдөө нэмэлт хүч болон ажиллах үүргээ баталгаажуулах нь нэн тэргүүний шаардлага байв. Монгол Улсын Их хурал Монголын улаан загалмайн Эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулагыг хэлэлцэн 2016 оны 1 дугаар сарын 7-ны өдөр баталлаа. Ингэснээр Монголын улаан загалмай нийгэмлэг нь  хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлээд  төрдөө нэмэлт хүч болон  ажиллах Үндэсний нийгэмлэг болохыг баталгаажуулсан юм.

Өнөөдөр Монголын улаан загалмай нийгэмлэг  нь 97187 гишүүд дэмжигчид, 8960 гаруй  мэргэшсэн сайн дурынхан, 703 анхан шатны хороо, 33 дунд шатны хороод, 54406 өсвөрийн Улаан загалмайчид,17025 Залуучуудын Улаан загалмайчид,  4201  Онцгой гишүүд, хүмүүнлэгийн 672 гишүүн байгууллага, 1084 хүндэт донор, 151 Нигүүлсэнгүй үйлстэн, 314 нигүүлсэнгүй үйлст манлай малчдыг эгнээндээ нэгтгэсэн Хүмүүнлэгийн үндэсний сүлжээ болон өргөжиж байна.

Монголын улаан загалмай нийгэмлэг 2016 оны зудын бэрхшээлийг даван туулахад олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж  17 аймгийн 5100 малчин өрхөд  1,6 тэрбум төгрөгтэй тэнцэх  хүмүүнлэгийн тусламжийг  хүргэж байна.  Өөрөөр хэлбэл, зудын бэрхшээлд амьдарч буй   25500 хүн хүмүүнлэгийн тусламжийг хүртээд байна.

Үндэсний нийгэмлэгтэй  хамтран ажиллаж, байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл, бүс нутгийг хамарсан халдварт өвчин зэрэг томоохон сорилтыг даван туулахад байнга тусалж, дэмжлэг үзүүлж, бидэнтэй хамтран ажилладаг Олон Улсын Улаан Загалмай ба Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан Загалмай хороо болон Үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчид болон бусад байгууллага, хүмүүст дэлхийн Хүмүүнлэгийн өдрийн баярын мэндийг хүргэж, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.

Хүмүүнлэгийн төлөө хамтдаа!

МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн  Н.Энхболд