ДЭЛХИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ТЭРГҮҮН МОНГОЛД АНХ УДАА ХӨЛ ТАВИЛАА

Нийтэлсэн өдөр: 2016.04.07, пүрэв

Олон улсын Улаанзагалмайн хорооны Ерөнхийлөгч Петер Маурерын  манай улсад хийх айлчлал эхэллээ.  Дэлхийн хүмүүнлэгийн тэгүүнийг  УИХ-ын гишүүн Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Энхболд угтан авсан байна. Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Хөдөлгөөний  дүрэмд “Олон улсын Хүмүүнлэгийн эрх зүй, Женевийн конвенцид улс орнуудын  Засгийн газар нэгдэн орсноор тухайн улсад цорын ганц Үндэсний Улаан Загалмай Нийгэмлэг байгуулагдан Хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулна” гэж заасан байдаг.

Энэ нь нэгдэн орсон улс орнууд дэлхий дахины хүмүүнлэгийн хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг болж, Үндэсний нийгэмлэгүүд нь нэгэн ижил хууль, дүрэм, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн 7 зарчимд тулгуурлан ажиллахыг тодорхойлж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар 1959 оны 9-р сарын 15-ны өдөр Олон улсын Хүмүүнлэгийн хуульд нэгдэн орж, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны 84 дэх гишүүн орон болсон юм.

Петер Маурер  Швейцарийн   Берн   хотын   их   сургуульд   түүх,   олон   улсын харилцааны чиглэлээр суралцаж докторын зэрэг хамгаалсан.Тэрээр 1987 онд Швейцарийн Холбооны Улсын дипломат албанд орж, 1996онд НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогчоор, 2000 онд  Швейцарийн Гадаад   хэргийн   яамны   Улс   төрийн   газрын     Хүний   аюулгүй   байдлын   хэлтсийн даргаар, 2004 онд  НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр, 2010 онд Гадаад хэргийн сайдаар тус тус томилогдон ажилласан. П.Маурер 2012 оны долдугаар сарын 1-нээс Олон улсын улаан загалмайн хорооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.