Зудын нөхцөл байдлыг танилцуулсан олон улсын цахим хурал боллоо

Нийтэлсэн өдөр: 2016.02.23, мягмар

Монголын улаан загалмай нийгэмлэг  болон Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөл зудад нэрвэгдсэн малчдад туслах олон улсын уриалгыг  танилцуулах цахим хурал хийлээ. Хуралд  Австрали, Их Британи, Дани, Финлянд, АНУ, Япон, БНСУ-ын Үндэсний нийгэмлэгүүд болон Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази, номхон далайн бүсийн төлөөлөл оролцлоо. Монголын улаан загалмай нийгэмлэгээс зудын нөхцөл байдал, малчдад тохиолдож байгаа бэрхшээл, тэдэнд үүсч байгаа нэн тэргүүний хэрэгцээний талаар мэдээллийг хийсэн. Мөн  Гамшгийн яаралтай тусламжийн сангаас үзүүлж байгаа тусламжийн үйл ажиллагааны явцыг Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Бээжин дэх Ази номхон далайн бүсийнсуурин төлөөлөгчийн газрын орлогч дарга  Бахтер  Мамбетов танилцууллаа.

Хурлын хүрээнд олон улсын уриалгын хүрээнд авах арга хэмжээний талаархи мэдээллийг өгч санал солилцлоо. Тусламж хүртэгчдийн шалгуур үзүүлэлт, амьжиргааг дэмжих үйл ажиллагааны хэлбэрийг  хэрхэн сонгох, үүнийг хэрхэн үр дүнтэй явуулах, уриалга  хэдий хугацаанд үргэлжлэх, зудаас үүсэх  хохирлыг хэрхэн даван туулах, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хэрхэн уялдаж ажиллах  гэх мэт асуултуудыг Үндэсний нийгэмлэгүүдийн төлөөлөгчид асууж байв. Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Пүрэвжав, Гамшгийн менемжментийн багийн ахлагч Б.Даваажаргал нар монгол орны зудын нөхцөл байдал хийгээд бусад асуултуудад хариулт өгсөн байна.