Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлыг тухай хуулийг танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо

Нийтэлсэн өдөр: 2016.03.23, лхагва

 

Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлыг тухай хуулийг энэ сарын 7-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар баталсан юм. Хэвлэл мэдээллийнхэнд хуулийг танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо. Хуралд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд болон Удирдах зөвлөлийн зарим гишүүд оролцлоо.   Өмнө нь 2000 онд дүрмээр баталж байсан бөгөөд энэ удаад  хуульчилж өгснөөрөө онцлог юм.  Уг хуулийг баталснаар Монголын улаан загалмайн  үүрэг хариуцлага нэмэгдэж, Үндэсний хүмүүнлэгийн байгууллагын статус нь албан ёсоор баталгаажжээ. Шинэчилсэн найруулгад дөрвөн бүлэг, 15 зүйл, 65 заалтыг тусгаж өгсөн аж. Шинэчилсэн найруулга баталснаар хуулиар зохицуулагдахаас гадна ерөнхий байсан зүйл заалтыг нарийвчилсан байна. Тухайлбал, МУЗН Эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1-д “МУЗН нь Хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчим болон Женевийн конвец, Нэмэлт протоколыг хэрэгжүүлэх, төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж, дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, өөрөө удирдах ёсны зарчимд суурилж үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус, татвараас чөлөөлөгдсөн, үндэсний хүмүүнлэгийн байгууллага мөн” гэж хуульчилсан.

 

 

Мөн энэ үеэр Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос  ирсэн тусламжийн талаар МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа мэдээлэл өгсөн юм.  Тэрбээр хэлэхдээ “Өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэлтэй байна. Ялангуяа орон нутагт өвөлжилт хүндэрч зудтай байна. Саяхан Онцгой байдлын ерөнхий газар, манайх болон Английн Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөл  орон нутагт ажиллаж зудтай байгаа аймаг, сумдад эрсдэлийн үнэлгээ хийгээд ирлээ. Өнөөдрийн байдлаар зургаан аймгийн 170 гаруй сумдад өвөлжилт хүндэрсэн, зудтай гэсэн үнэлгээ гарсан. Эдгээр аймаг, сумдад тусламж үзүүлэх ажил ирэх баасан гаригаас эхлэх бөгөөд Английн улаан загалмай нийгэмлэг  болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас төлөөлөгчид ирж хамтран ажиллахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Эрсдэлийн үнэлгээ хийх үеэр малчдаас өвөлжилт хүндэрсэн энэ  цаг үед нэн тэргүүнд ямар тусламж хэрэгтэй байна вэ гэсэн асуулт тавихад бэлэн мөнгө, хоол хүнс, малын өвс, тэжээл, хувцас гэсэн хариулт ирсэн. Эдгээрээс бэлэн мөнгө гэсэн хариулт дийлэнх хувийг эзэлж байна. Үүнээс үзээд малчдын гар дээр бэлэн мөнгө байхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс малчдад бэлэн мөнгө өгөхөөр төлөвлөж байна. Гэхдээ бүх малчдад гэсэн үг биш. Тодорхой хэмжээний шалгууртай. Тухайлбал, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, 0-5 хүртэлх бага насны хүүхэдтэй айл өрхийг сонгож тусламж үзүүлнэ. Уг тусламжийн хүрээнд нийт олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс  300-400 орчим сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон.  Хамгийн түрүүнд зудтай байгаа Архангай, Төв, Увс аймагт тусламж үзүүлнэ” гэв.

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..