Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
Монгол Улсын Их Хурал 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталлаа.
Энэхүү хуулийг баталснаар Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн үүрэг хариуцлага нэмэгдэж, Үндэсний хүмүүнлэгийн байгууллагын статус нь албан ёсоор баталгаажлаа.
Хуулийг шинэчлэн найруулахдаа 2000 онд батлагдсан Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоо, Олон Улсын Улаан Загалмайн Хорооноос баталсан Үндэсний нийгэмлэгийн загвар хуулийн шаардлагад нийцүүлсэн юм.
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Монгол улсын Засгийн газрын тухай хууль, Донорын тухай хууль, Гамшгийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 4 бүлэг 15 зүйл, 65 заалттай.
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1-д “МУЗН нь Хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчим болон Женевийн конвенц, Нэмэлт протоколыг хэрэгжүүлэх, төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж, дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, өөрөө удирдах ёсны зарчимд суурилж үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус, татвараас чөлөөлөгдсөн, үндэсний хүмүүнлэгийн байгууллага мөн” гэж хуульчлав.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний дүрмийн дагуу аливаа улсад нэг л Үндэсний нийгэмлэг байгуулагдах, нэгдмэл байх зарчмыг иш үндэс болгож, хуулийн 4.1-д ”Хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийн дагуу Хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчимд нийцүүлэн хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг болж, Монгол Улсад зөвхөн нэг Улаан загалмай үндэсний нийгэмлэг байгуулагдана” гэж тодорхойлсон байна.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний дүрэмд заасны дагуу Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Хүмүүнлэгийн салбарт төрдөө туслах, нэмэлт хүч болж ажиллах зорилго, чиг үүргийг хуулийн 6 дугаар зүйлд хуульчилсан болно.
МУЗН-ийн зорилго нь зэвсэгт мөргөлдөөн ба нийтэд учирсан гамшигт байдлын үед эрүүл мэнд, нийгэм сэтгэл зүйн тусламж үзүүлэхээс гадна хүнийг зовлон зүдгүүрт өртөхөөс сэргийлэх, учирсан зовлон зүдгүүрийг нимгэлэх, шударга ёсны зарчимд үндэслэн хүнийг яс үндэс, иргэний харъяалал, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, бэлгийн чиг хандлага, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, боловсролоос нь үл хамааран хүний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүнлэг ёсыг хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжих, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахад оршино.
Өнөөдөр Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь 76 жилийн түүхэн туршлагатай, аймаг, дүүрэг, тусгай газарт 33 Дунд шатны хороотой, 120 гаруй мянган гишүүд, дэмжигчтэй, 85 мянга гаруй Хүүхэд, залуучуудын Улаан загалмайн гишүүдтэй, 6420 гаруй мэргэшсэн сайн дурынхантай ажиллаж байна.
Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь зорилго, чиг үүрэгтээ хамаарах дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
1.хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг /сургалт, сурталчилгаа явуулах, сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг өргөжүүлэх, үндэсний хэмжээнд аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах, зонхилон тохиолдох өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөл, эндэгдлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх/ эрхлэх;
2.гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад туслах, эрсдэлийг бууруулах, нэрвэгдэгсдэд яаралтай тусламж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх;
3.гамшиг осол, зэвсэгт мөргөлдөөн, нийтэд учирсан гамшигт байдлын үед хэнийг ч үл ялгаварлан анхны тусламж, нийгмийн сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх;
4.олон нийтийн оролцоонд түшиглэж нийгмийн эмзэг бүлэгт халамжийн үйлчилгээ үзүүлэх;
5.хүүхэд залуучуудын дунд хүмүүнлэгийн хөдөлгөөнийг өрнүүлэх, тэдний оролцоог дэмжих.
Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь үйл ажиллагаандаа Хөдөлгөөний үндсэн зарчмууд болон Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг нэгэн адил баримтална.
Олон улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний Энэрэнгүй байх, Шударга байх, Төвийг сахих, Бие даах, Сайн дурын байх, Нэгдмэл байх, Түгээмэл байх 7 зарчим нь батлагдсанаас хойш эдүгээ 50 жил болж байна.
Дэлхийн 190 оронд Улаан загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэг ажиллаж, энэхүү 7 зарчмыг Үндэсний нийгэмлэг бүр өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байна.
Төрийн албаны тухай хуулийн 4.1-д заасан “.....шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангаж, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиж, ил тод байх, ард түмэнд үйлчлэх, мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг...” Монголын Улаан Загалмай Нийгэмлэг үйл ажиллагаандаа мөрдөнө. ”
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн бие даасан байдлыг хуулийн 8 дугаар зүйлд тодорхойлсон байна:
МУЗН нь Үндэсний нийгэмлэгийн дүрэм, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар Хөдөлгөөний дүрэм, Холбооны үндсэн дүрэм, Женевийн конвенц, түүний нэмэлт протоколын дагуу өөрөө удирдах ёсны зарчмыг баримтлан ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд явуулна.
Төрийн байгууллага нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1946 оны 11 сарын 19-ний өдрийн Улаан загалмай, Улаан хавирган сар үндэсний нийгэмлэгийн асуудлаар баталсан 55 /1/ тогтоолд заасны дагуу Улаан загалмай нийгэмлэгийн бие даасан, сайн дурын байх үндсэн шинж чанарыг хүлээн зөвшөөрнө гэж хуульчлав.
Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан, иргэн МУЗН-ийн бие даасан байдал, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.
МУЗН-ийн үйл ажиллагаанд төрийн болон нутгийн удирдлагын байгууллага бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
МУЗН нь өөрийн зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хуульд заасны дагуу аливаа өмчийг худалдан авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын зүгээс МУЗН-д дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулсан байна. Жил бүр Засгийн газраас МУЗН-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, ажиллана.
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар Төр, Улаан загалмайн хүмүүнлэгийн хамтын ажиллагаа хуулиар баталгаажив.
Хуулийн 3 дугаар бүлэгт Улаан загалмайн таних тэмдэг болон бэлгэ тэмдэг хэрэглэх эрхийг тодорхойлсон байна.
“Улаан загалмай” таних тэмдэгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хэрэглэх эрхтэй.
Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсний дагуу цагаан дэвсгэр дээр дөрвөн талын урт нь тэнцүү хэмжээтэй дүрсэлсэн улаан загалмай нь хүмүүнлэгийн үйл ажиллагааны таних тэмдэг байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт улаан загалмай таних тэмдгийг хөдөлгөөний эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу өөрийн бэлгэдэл болгон хэрэглэх эрхийг МУЗН эдэлнэ.
Тайван цагт шархадсан хүн, өвчтөнд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага, түүний тээврийн хэрэгсэлд улаан загалмайн таних тэмдэг хэрэглэх зөвшөөрлийг МУЗН-ийн удирдах байгууллага олгож болно.
Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..