МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хууль батлагдлаа

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

 

    МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийг өнөөдрийн /2016.1.7/-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.  УИХ-ын шинэ он гараад  баталсан  анхны хууль нь МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хууль байсан нь бэлэгшээлтэй юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн  үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл уншиж танилцууллаа.   Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгасан хэмээн тэрбээр танилцуулгадаа дурдсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг асууж тодруулсаны дараа хуулийн төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.7 хувь нь дэмжин хуулийг баталсан юм.

МУЗН Эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, танилцуулах зэрэг хууль боловсруулах бүхий л шатыг бүрэн биелүүлж,  бүтэн хоёр жил ажилласан юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулах, “Парламентын нөхөд” бүлэг байгуулж, УИХ-ын гишүүдтэй хамтран хуулиа боловсруулсан.

Энэхүү хууль батлагдснаар МУЗН-ийн үүрэг хариуцлага нэмэгдэж, үндэсний хүмүүнлэгийн байгууллага хэмээн статус албан ёсоор баталгаажлаа.  МУЗН-ийн зорилго, үүрэг, чиглэл, үйл ажиллагааг нэмэгдүүлж, тодотгосноор  төрдөө туслах эрх зүйн орчинг бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл, төр, Улаан загалмайн  хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагаа хуулиар баталгаажиж байгаа юм.

МУЗН нь Улаан загалмай хөдөлгөөний бүрэлдэхүүн  хэсэг учраас дэлхий нийтийн хүмүүнлэгийн  хөдөлгөөнд Монголын парламент, хууль санаачлан боловсруулсан төрийн түшээд ихээхэн хувь нэмрээ оруулж байна.

Шинэ хуультай болсноор үйл ажиллагаа тогтвортой , өргөн цар хүрээтэй хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулах шинэ боломж, нөхцөлийг шаардаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, МУЗН төрдөө хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нэмэлт хүч болон оролцож, төр, Улаан загалмай хамтын ажиллагаа нягтарч байна. Бидний хариуцлага нэмэгдэхийн хэрээр төрдөө үнэлэгдэж ажиллах зайлшгүй шаардлага буй болж байна. 

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа...