Нийтэлсэн өдөр: 2016.03.23, лхагва
Монгол Улсын хүн амын 10 хувьд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ
Өнгөрч буй онд МУЗН ямар үйл ажиллагаа явуулж, хичээн хүнд хүрч үйлчилж, түүний үр шимийг хэрхэн хүртэв гэдэг бидний ажлын гол үзүүлэлт юм.
Нэн тэргүүнд хүмүүнлэгийн үйл ажиллагааг идэвхтэй явуулж, эмзэг бүлгийн иргэддээ хүрч үйлчлэхэд хууль эрх зүйн орчинг тодорхойлох чухал зорилт байсан. Эдүгээгээс 15 жилийн өмнө баталсан Эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хуралд өргөн бариад байна. Хуулийн анхны хэлэлцүүлэг болж, ажлын хэсэг ажиллаж байна. Мөн МУЗН Үндэсний нийгэмлэгийн бодлогод шинэчлэл хийв. Төр-Улаан Загалмайн хамтын ажиллагаанд үнэлгээ хийх, Сайн дурын идэвхтний менежментийг сайжруулах асуудлаар бүсчилсэн сургалтыг 7-9 дүгээр сард Увс, Говь-Алтай, Сэлэнгэ, Сүхбаатар, Дорноговь, Архангай, Төв аймагт зохион байгуулж, 20 аймаг, 8 дүүргийн төрийн болон иргэний нийгмийн байгууллага, Улаан загалмайн хороо, Сайн дурын идэвхтний төлөөлөл 210 хүн оролцжээ. Үүний үр дүнд төр, Улаан загалмайн хамтын ажиллагаанд үнэлгээ хийж, орон нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг авах, хамтран ажиллах нөхцөл бүрдлээ.
Мөн анхан шатны хорооны хүчин чадлыг бэхжүүлэх сургалтыг Өмнөговь, Баянхонгор, Дорнод, Орхон, Говь-Алтай аймагт зохион байгуулж, 13 аймгийн 120 Анхан шатны хорооны сонгуульт идэвхтнүүд хамрагдав. Ингэснээр Улаан загалмайн үйл ажиллагаа орон нутгийн түвшинд идэвхжиж, анхан шатны хорооны тоо нэмэгдсэн байна
Улмаар Ерөнхий нарийн бичгийн даргын газрын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал хангагдсан. Дунд шатны хорооны ВОСА үнэлгээний үр дүнд байгууллагын төсөвлөлт, төлөвлөлт, тайлагналт сайжирч, үйл ажиллагаа жигдэрлээ. Нөөцийн менежементийн системийг нэвтрүүлэх сургалтыг Дунд шатны хорооны арга зүйчдэд зохион байгуулж, уг системд 27 Дунд шатны хороо бүрэн хамрагдаж, гишүүдийн болон Сайн дурын идэвхтний бүртгэл сайжирсан.
Хүмүүнлэгийн дипломат харилцаа өргөжлөө
Олон улсын Улаан Загалмайн хороо, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоотой үйл ажиллагаагаа уялдуулж, хүмүүнлэгийн дипломат харилцааг өргөжүүлэхийн төлөө ажиллалаа. Энэ жил Зүүн азийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн удирдагчдийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд Зүүн азийн орнуудын Улаан Загалмай Нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд МУЗН томоохон хувь нэмэр оруулсан хэмээн үнэлэгдэж байна. Мөн Олон улсын Хүмүүнлэгийн Эрх зүйг хэрэгжүүлэх, Үндэсний нийгэмлэгийн аюулгүй ажиллагаа, хараат бус, бие даасан байдлыг хангах чиглэлээр Олон улсын Улаан Загалмайн хороотой хамтран ажиллах эхлэл тавигдсан. Энэ жил Японы Улаан Загалмай Нийгэмлэг, БНСУ-ын Улаан Загалмай Нийгэмлэг, БНХАУ-ын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран ажиллах чиглэлийг тодорхойлсон юм. Австралийн Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа сэргээж, ирэх 4 жилийн Стратегийн хүрээнд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон нь онцлох үйл явдал байв. Английн Улаан Загалмай Нийгэмлэгтэй Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах шинэ төслийн саналыг боловсруулж, үйл ажиллагаа өргөжиж байна. Түүнээс гадна НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв. Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны дэргэдэх Анхны тусламжийн төвтэй хамтын ажиллагааг эхлүүлэв.
Сайн дурын идэвхтнийг дэмжих жилд 4000 гаруй идэвхтний мэдээллийн сантай болов
МУЗН-ийн Гамшгийн менежмент, нийгмийн халамж, эрүүл мэндийг дэмжих, хүүхэд, залуучуудын хөтөлбөрийн хүрээнд сайн дурын ажилтан бэлтгэх сургалтыг бүх шатанд зохион байгуулж, 2354 хүн бэлтгэгдсэн байна. Нийт 6 удаагийн төвлөрсөн сургалтад Дунд шатны хорооны Сайн дурын идэвхтний ахлагч 182 хүн хамрагджээ. Нөөцийн менежментийн систем \\RMS\\-д 2015 оны 11 дүгээр сарын байдлаар мэргэшсэн 4000 гаруй Сайн дурын идэвхтний мэдээллийг байршуулаад байна. Сайн дурын идэвхтнийг урамшуулах тогтолцоог бий болгож, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны Сайн дурын идэвхтний даатгалд 1400 хүнийг хамрагдаж чадлаа. Олон улсын Улаан загалмайн өдрийг тохиолдуулан Сайн дурын ажилтны Үндэсний форум болон бүсчилсэн чуулга уулзалтыг зохион байгуулсан юм. Энэхүү форум болон бүсчилсэн уулзалтад орон нутгаа төлөөлж 122 Сайн дурын идэвхтэн оролцлоо. 2015 онд МУЗН-ийн гишүүний тоо 1350-аар, Хүмүүнлэгийн гишүүн байгууллагын тоо 82-оор, бэлтгэгдсэн Сайн дурын идэвхтний тоо 2354 тус тус нэмэгдсэн байна. Олон улсын Улаан загалмайн өдөр, Хүмүүнлэгийн өдөр, Хөдөлгөөний Үндсэн 7 зарчим батлагдсаны 50 жилийн ой, Дэлхийн цусны Донорын өдөр, МУЗН-ийн болон олон улсын үндэсний тэмдэглэлт өдрүүдийг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулахад нийт 28 дунд шатны хороо, нийт 6750 гишүүд хамрагдсан байна.
Хүүхэд залуучуудын хөгжлийн бодлого батлагдлаа
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн 2015 оны 02 дугаар сард болсон хурлаар Хүүхэд, залуучуудын хөдөлгөөнийг хөгжүүлэх бодлогыг хэлэлцэн баталсан юм. Мөн хүүхдийн зуслан цугларалтыг Олон улсын Хүүхдийн амралтын Найрамдал төвийг түшиглэн 2015 оны 06 дугаар сард зохион байгуулав. Зуслан цугларалтад нийт 252 хүүхэд оролцжээ.
Бидний үйлчилгээ тооны хэлээр....
Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаар Австралийн Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран ажиллаж, төслийн хүрээнд Дорнод, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай аймагт 101,6 сая төгрөгийн төслийн санхүүжилт олгов.
Эмзэг бүлгийн хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах зорилго бүхий нийгмийн халамжийн хөтөлбөрийг Английн Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж, эмзэг бүлгийн 60223 хүнд халамж, үйлчилгээг хүргэсэн байна.
Хөдөөгийн ядуурлыг бууруулахад чиглэсэн халамжийн хөтөлбөрийг 7 аймагт хэрэгжүүлж, нийт 51342 хүнд нийгмийн халамж, үйлчилгээ хүргэсэн байна.
Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, Анхны тусламжийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, БЗХӨ/ ДОХ – оос урьдчилан сэргийлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд 150738 хүнд хүрч ажилласан байна.
Финляндын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран Олон нийтэд тулгуурласан эрүүл мэнд, анхны тусламжийн төсөл хэрэгжүүлж, зорилтот бүлгийн 31142 хүнд шууд бусаар, 4216 хүнд шууд хүрч ажиллав.
Санхүүгийн үйл ажиллагаа ил тод нээллтэй боллоо
Үндэсний нийгэмлэгийн Санхүүгийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгоход онцгой анхаарч, Олон улсын аудитын PWC байгууллагаар Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн 2014, 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэж байна. Олон улсын аудит хийлгэх ажлыг Финляндын Улаан Загалмай Нийгэмлэг, Английн Улаан Загалмай Нийгэмлэг, Олон улсын Улаан Загалмайн Хороо дэмжиж, аудитын зардлыг санхүүжүүлсэн. Мөн энэ онд МУЗН-ийн Ерөнхий санхүү болон төслийн санхүүгийн тайланд дараахь 8 аудит шалгалт хийлгэсэн банйа. Үүний үр дүнд МУЗН-ийн Санхүү, бүртгэлийн журам, Дунд шатны хороонд баримтлах санхүүгийн гарын авлагыг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны санхүүгийн дүрэм, журам, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан. МУЗН-ийн санхүүгийн менежментийг сайжруулж, ил тод нээлттэй байдлыг хангасан. Дунд шатны хорооны дарга, нягтлан бодогч нарын анхан шатны бүртгэл хөтлөх, тайлагнах ур чадварыг дээшлүүлсэн.
Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа...