Нийтэлсэн өдөр: 2015.12.24, пүрэв
МУЗН-ийн Удирдах зөвлөлийн хурал энэ сарын 16-нд боллоо. Энэ жил Удирдах зөвлөл улирал бүр хуралдаж, нэг удаагийн хуралдаанаар дунджаар 5-10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Мөн нэг удаа албан бусаар санал авах байдлаар хуралдаж, Удирдах зөвлөл асуудлаа шийдвэрлэжээ. 2015 оны Удирдах зөвлөлийн сүүлийн хуралдаанаар өнгөрч буй оны үйл ажиллагааны тайлан, 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Өнгөрсөн жил МУЗН 57 ажил төлөвлөж,49 бүрэн хэрэгжиж, 5 үйл ажиллагаа үргэлжилж байна. Харин ирэх жил 3 үндсэн чиглэлийн хүрээнд 51 ажил төлөвлөжээ. Удирдах зөвлөлийн гишүүд 2015 оны үйл ажиллагааны тайлангаас зарим зүйлийг тодруулж, асуулт асууж байв. Тухайлбал, өнгөрч буй онд МУЗН Цус сэлбэлт үндэсний төвтэй хамтран сар бүрийн гуравны өдөр цус цуглуулах аянг идэвхтэй зохион байгуулсан. Тэр дундаа гурван ч удаагийн сарын үйл ажиллагааг МУЗН дангаараа зохион байгуулсан юм. Тиймээс өнгөрч буй жилд хэдэн литр цус цуглуулсан тухай тайланд тодорхой тусгах хэрэгтэй гэж байв. Мөн ирэх жилийн ажлын төлөвлөгөөнд шалгуур үзүүлэлтийг тусгах хэрэгтэй гэсэн саналын дагуу үйл ажиллагаа бүрт шалгуурыг тодорхойллоо. Удирдах зөвлөл бүрэн эрхийнхээ дагуу МУЗН-ийн 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсвийг баталлаа.
Удирдах зөвлөлийн дараагийн асуудал МУЗН-ийн дүрмийг хэрэгжүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай байв. Энэхүү журамд “МУЗН-ийн Гүйцэтгэх удирдлагыг томилох” гэсэн бүлэгт хэд хэдэн заалт оруулж баталсан юм . Тухайлбал, Дунд шатны Улаан загалмай хороодын даргыг тухайн шатны Удирдах зөвлөлтэй зөвшилцөн Ерөнхий нарийн бичгийн дарга томилно, Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад үндэслэн Дунд шатны хорооны даргын сонгон шалгаруулалтыг Ерөнхий нарийн бичгийн даргын газар нийтэд зарлан зохион байгуулна гэсэн заалтыг нэмж орууллаа. Мөн дүрмийн “тусгай газар” гэсэн заалтыг тодруулан 10 000-аас доошгүй оршин суугчтай суурин, газар яам, агентлаг, бие даасан хуулийн этгээдийн эрхтэй аж ахуйн нэгж, байгууллага” гэж ойлгохыг нэмж оруулсан юм. МУЗН-ийн ёс зүйг мөрдөх журмын дагуу гүйцэтгэх удирдлага болон түүнээс доошхи бүх албан тушаалтнуудыг төвийг сахиж, аль нэг улс төрийн нам, эвсэл, түүний дэргэдэх байгууллагад гишүүнчлэлгүй байхаар боллоо. Мөн сонгууль, шашин, ямарваа хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохыг хориглосон байхаар заасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улаан загалмай хорооны үйл ажиллагаа зогсоод хэдэн жил болж байна. Тиймээс энэхүү суманд Дунд шатны хороо байгуулах шийдвэрийг Удирдах зөвлөл гаргасан юм. Дүрэм хэрэгжүүлэх журамд оруулсан заалтын дагуу Улаан загамлай хорооны даргыг сонгон шалгаруулалтыг он гараад зохион байгуулахаар боллоо.
МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж шинэчилсэн. Энэхүү дүрмийг Удирдах зөвлөлд танилцуулж, сайшаасан шийдвэр гаргав.
ОУУЗУХСНХ-ны Ерөнхий ассамблей, Олон улсын 32-р бага хуралд МУЗН-ийн төлөөлөгчид оролцсон. Энэхүү хуралд оролцсон тайлангаа Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа танилцууллаа.
Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа...