Нийтэлсэн өдөр: 2015.11.20, баасан
Энэ асуудлын дараа Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.
Улаан загалмай яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодлоор хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй, шударга тэгш хандаж, сөргөлдөгч талуудын аль нэгийг үл дэмжин улс төр, арьс өнгө, шашин шүтлэг, үзэл бодлын маргаанд ямар ч үед оролцохоос татгалздаг зарчимтай. Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар Хөдөлгөөн, Үндэсний нийгэмлэгүүд нь бие даасан байдлаа ямагт хадгалж, Засгийн газрын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж ажиллах үүрэг хүлээж байна хэмээн УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулгадаа дурдсан.
Манай орны хувьд 1938 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид “Монголын Хэрээстийн эвлэл” байгуулах тухай шийдвэр гаргаж, улмаар 1939 онд Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийг байгуулжээ. Халх голын дайнд шархадсан цэрэг дайчдад цусаа өгөх, асран сувилах зэргээр анхны улаан загалмайчид хүмүүнлэгийн тусламж үзүүлж байжээ.
МУЗН нь Олон улсын Улаан загалмай хороогоор 1959 оны 9 дүгээр сарын 15-нд хүлээн зөвшөөрөгдсөн Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний бүрэлдэхүүний нэг хэсэг бөгөөд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоонд 1959 оны 9 дүгээр сарын 15-нд элссэн 84 дэх гишүүн байгууллага юм байна.
Өнөөдөр МУЗН нь 110 гаруй мянган гишүүд, үүнээс 50261 татвар төлөгч гишүүд, 6420 мэргэшсэн сайн дурынхан, 570 гаруй анхан шатны хороо, 33 Дунд шатны хороотой, 60000 гаруй өсвөрийн Улаан загалмайчид, 15,000 гаруй залуучуудын Улаан загалмайчид, 3403 Онцгой гишүүд, Хүмүүнлэгийн 672 гишүүн байгууллага, 1084 хүндэт донор, 151 Нигүүлсэнгүй үйлстэн, 314 нигүүлсэнгүй үйлст манлай малчдыг эгнээндээ нэгтгэсэн Хүмүүнлэгийн үндэсний сүлжээ болжээ.
МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аас 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр баталж, үндэсний нийгэмлэгийн эрх зүйн орчинг бүрдүүлж өгчээ. Гэвч хууль батлагдсанаас хойш 15 жил өнгөрч, нийгмийн хөгжилд нийцүүлэн хуулийг шинэчлэн сайжруулах хэрэгцээ шаардлага бий болсон байна.
Дэлхийн 189 оронд Улаан загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэг ажиллаж байгаа бөгөөд нийт 80 гаруй хувь нь төрдөө нэмэлт хүч болж, төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэж буй аж. Нийт 151 орны Улаан загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэгүүд дээр дурьдсан загвартай уялдуулан, мөн өөрийн онцлогийг тусгасан хуультай болжээ. Хуулийн төсөлд хүмүүнлэгийн үйлсийн чиглэлээрх Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийн дагуу МУЗН-ын онцлогийг нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар Хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчимд нийцүүлэн тодорхойлжээ. Мөн төр, МУЗН-ийн харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож, МУЗН-ээс төрийн өмнө үүрэг хүлээж, хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө тусалж, нэмэлт хүч болж ажиллах чиг үүргийг тусгасан байна.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсан бөгөөд тус байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар асуулт асууж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.
Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..