Гамшиг, онцгой байдлын үед мэдээлэл дамжуулах сүлжээний нээлтийн хэвлэлийн бага хурал болов

Нийтэлсэн өдөр: 2015.12.18, баасан

 

Гамшиг, онцгой байдал үүссэн үед гурвалсан мэдээлэл дамжуулах сүлжээний нээлтэд зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр МУЗН-ийн төв байранд боллоо.

Хэвлэлийн хуралд МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ОУУЗУХСНХ-ны Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын дарга бөгөөд Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Софиа Стойменова, “Ж-Мобайл” компаний дэд захирал  С.Баярсайхан, Азийн гамшгийн сан болон  НҮБ-ийн төлөөлөгчйин газрын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. Ж-Мобайл компани нь CDMA сүлжээний үүрэн оператор ба хөдөө орон нутагт харилцаа холбоог сайжруулах үндэсний тендерт 2007 онд ялж, хамрах хүрээ болон хэрэглэгчдээ нэмэгдүүлсэн бөгөөд сүлжээндээ үнэгүй ярих боломж бүхий хамгийн боломжит багцыг танилцуулсан нь хөдөө орон нутагт амьдарч буй малчдын хувьд хамгийн таашагдсан хэрэглээ болсон байна.

 

Энэхүү сүлжээ нь  үер, ус, гал түймэр гэх мэтчилэн байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх,  хаанаас эмнэлгийн тусламж авч болох, ундны цэвэр ус болон хоол хүнс, түр орогнох байршил хаана байгаа зэрэг зорилтод мэдээлэл өгөхөөс гадна гамшигт өртсөн иргэдэд зориулж ямар тусламжийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа тухай зэрэг мэдээлнэ.  Мөн мобайл банкны үйлчилгээг ашиглаж тусламж хүртэгч нарт бэлэн мөнгөний тусламж үзүүлэх, шархагдсан иргэдийг асрах, гэмт хэргээс сэргийлэх зэрэг олон төрлийн зөвлөмжийг хүргэх зэрэг давуу талуудтай.

 

 

     Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүд тусламжийн үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй зохион байгуулж болох талаар тусламж хүртэгч нартай шууд санал солилцож болох ажээ. Гамшигт өртсөн иргэд  өөрсдийн хэрэгцээ болон байршлын талаарх мэдээллээ Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдтэй хуваалцаж, тэдний  санал, хэрэгцээнд тулгуурлан тусламжийн үйл ажиллагаа төлөвлөн зохион байгуулах боломжтой болж байна.  Эрсдэл өндөр бүхий иргэдэд бэлэн байдлаа хэрхэн хангах, эрүүл мэнд, эрүүл ахуй, амьжиргааны боломж нөхцөл гэх мэт хэрэгцээтэй бүхий л мэдээллийг олон нийтэд дамжуулах үүрэгтэй юм.  

 

     Гамшиг, онцгой байдал үүссэн үед гурвалсан мэдээлэл дамжуулах сүлжээ (TERA) нь суурилагдаж бүрэн хэрэгжиж эхэлсэнээр Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо бүрэн эзэмшигч нь байх ажээ.  Гамшиг, онцгой байдал үүссэн үед гурвалсан мэдээлэл дамжуулах сүлжээг (TERA) ашиглах талаар Монголын Улаан Загалмай Нийгэмлэг Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг зурагдах бөгөөд МУЗН нь тус сүлжээг хариуцан ажиллах хүнийг томилно.  

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..