Дунд шатны хорооны дарга нарын энэ намрын сургалт эхэллээ

Нийтэлсэн өдөр: 2015.12.22, мягмар

 

    Энэ удаагийн намрын сургалтад Дунд шатны хорооны дарга нараас гадна нягтлан бодогч нарын сургалт хамт явагдана.

Өнөөдрийн Дунд шатны хорооны дарга нарын сургалтыг нээж Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа үг хэлж, 2015 онд хийж хэрэгжүүлсэн онцлог үйл явдал хийгээд төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийсэн.

Мөн энэ жил Булган аймаг болон нийслэлийн Багахангай дүүрэгт үйл ажиллагаа нь түр зогссон Дунд шатны хороодыг сэргээн байгуулсан. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн Дунд шатны хорооны дарга шинээр томилогдсноос гадна Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад Улаан загалмайн үйл ажиллагааг сэргээхээр болсон байна. Эдгээр шинээр томилогдсон болон ажиллахаар бэлтгэж буй  Дунд шатны хороодын дарга нар энэхүү намрын сургалтад оролцож байна.  Ерөнхий нарийн бичгийн даргын газраас эдгээр Дунд шатны хороодын дэмжиж, гарын авлага болон бусад эд зүйлсийг өгсөн юм.

Энэ намрын сургалтын онцлог нь байгууллага болон хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарч “Удирдах ажилтны манлайлал” “Хөдөлгөөний ёс зүйн журам” , “Бичил бизнесийн төлөвлөгөө боловсруулах аргачлал” зэрэг хичээлүүдийг Удирдлагын академи, “Жайка” болон МУИС-ийн тэнхимийн багш нар заана.

 

     

     Мөн Зүүн өмнөд бүсийн дарга София Стеймонова, Олон улсын Улаан загалмай хорооны ажилтан нар ирж, Улаан загалмай хөдөлгөөний Ёс зүйн журам, Олон улсын хүмүүнлэгийн хуулийн хэрэгжилт зэрэг сэдвээр сургалт хийгдлээ. МУЗН-ийн өнгөрсөн жилээс хэрэгжүүлж буй “Төлөвлөлт-төсөвлөлт” болон байгууллагын хүчин чадлын үнэлгээний дүн шинжилгээ хийх хэлэлцүүлгүүд явагдах ажээ. Санхүүгийн гарын авлага, зөвлөмжийн тухай, орлого нэмэгдүүлэх, хөрөнгө аривжуулах  үйл ажиллагааны аргачлал зэрэг асуудлуудыг ярилцахаар төлөвлөсөн байна.

 

 Таван өдөр үргэлжлэх сургалтын сүүлчийн өдөр  анхны тусламжийн шинэчилсэн багцийн хичээл заагдана.   Харин нягтлан бодогч нар холбогдох сургалтуудад давхар суралцах юм байна.

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа...