Нийтэлсэн өдөр: 2015.12.22, мягмар
МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н. Болормаа болон ОУУЗУХСНХ-ны Монгол дахь төлөөлөгчийн газрын үндэсний хөтөлбөрийн зохицуулагч Г.Энхжин, Чингэлтэй дүүргийн Улаан загалмай хорооны дарга Д. Цэрэнсодном, Эрүүл мэнд анхны тусламжийн төслийн удирдагч Б. Даваажаргал нар Орхон, Булган, Дархан-Уул аймгуудад ажиллаад ирлээ.
МУЗН Австралийн Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран гамшгийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд тулгуурласан төслийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон. Энэ удаагийн төслийн үйл ажиллагаа нь хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах талаар ажиллах чиглэлтэй байна. Тийм ч учраас хүн ам олноор суурьшдаг, үйлдвэрлэлийн хот Эрдэнэтийг сонгохоор болсон. Энэхүү төслийг Орхон аймгийн Улаан загалмай хороонд хэрэгжүүлэх боломж нөхцөл, туршлага зэрэгтэй танилцсан юм. Орхон аймгийн Улаан загалмайн хороо гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, олон нийтэд тулгуурласан сургалт сурталчилгааны ажлыг тогтмолжуулсан туршлагатай. Мөн тус Улаан загалмай хороо жил бүр аймгийн хэмжээнд “Аврагч” тэмцээнийг зохион байгуулж, гамшгийн бэлэн байдлыг хангахад орон нутагтаа нөлөө бүхий байгууллага болж чадсан юм. Мөн Улаан загалмай хорооны дэргэд Гамшигтай тэмцэх зөвлөлийг орон нутгийн Онцгой байдлын газар болон бусад холбогдох албан тушаалтнуудаар бүрдүүлэн байгуулжээ. Орхон аймгийн Улаан загалмай хороо уг төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн.
Мөн Булган аймагт очиж ажиллаа. Тус аймагт Улаан загалмай хорооны үйл ажиллагаа зогсоод гурван жил гаруй болсон байна. Тиймээс тус аймагт Улаан загалмайн Дунд шатны хороо байгуулах талаар аймгийн ИТХ-ын дарга Батсайхантай уулзаж ярилцлаа. Тэрбээр Дунд шатны хороо байгуулахад бүх талаар дэмжихээ илэрхийлсэн. Хорооны даргаар урьд ажиллаж байсан Н. Цэндийг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрт хүрсэн юм. Булган аймгийн Онцгой байдлын газрыг түшиглэн Дунд шатны хорооны үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон. Аймгийн Онцгой байдлын газрын дарга, Ууганбаяр Дунд шатны хороог байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлснээс гадна тус газрын албан хаагчидтай уулзалт зохион байгуулсан юм. Тиймээс энэ сарын 13-нд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газраас баг очиж ажиллахаар боллоо.