Нийтэлсэн өдөр: 2015.10.07, лхагва
Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрөөс Дунд шатны хорооны арга зүйчдэд зориулан Халдварт бус өвчний сургагч багш бэлтгэх ээлжит сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Дунд шатны хорооны 25 арга зүйчид оролцож, таван өдөр бэлтгэгдсэн юм. Энэ удаагийн сургалт МУЗН-ийн Хүүхэд хөгжлийн төвд зохион байгуулагдснаараа онцлог байв. Учир нь тус төвийг өнгөрсөн жилээс тохижуулсан бөгөөд цаашид олон төрлийн сургалт зохион байгуулах боломжтойг энэхүү сургалт харуулсан юм.
Сургалтыг Эрүүл мэндийн хөтөлбөрийн зөвлөх Б.Гантулга, төслийн удирдагч Б.Даваажаргал, төслийн ажилтан Э.Энхтайван нар удирдан зохион байгууллаа. Сургалтаар зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүд, эрүүл амьдралын хэвшил, эрүүл хоололт, эрсдлийн хүчин зүйлс, гэр бүл, хөрш, найз нөхөддөө тулгуурлан зан үйлийг өөрчлөх зэрэг сэдвүүдээр сургагч багш нарыг бэлтгэсэн байна.
Сургалт дадлага ажилд зонхилон тулгуурласан нь арга зүйчдэд сайн дадлага ажил болжээ. Тухайлбал, оролцогчид зургаан багт хуваагдан үзсэн хичээлээ дараа өдөр нь бие биедээ зааж багшлах, үзүүлэх, үнэлгээ хийх, зорилгоо тодорхойлох зэргээр багаар ажилласан. Мөн зурагт хуудас, гарын авлага, эвлүүлдэг тоглоом зэрэг сургалтын хэрэглэгдэхүүн болон бусад жин, цусны даралт хэмжигч, биеийн жингийн индексийн самбар зэрэг зүйлүүдийг бодитоор ашиглажээ.
Энэхүү сургалт нь Дунд шатны хорооны хөгжилд арга зүйчдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлсэн, тэднийг мэргэшүүлэх талд чухал ач холбогдолтой.
Мөн эрүүл мэнд анхны тусламжийн сургалтыг тухайн орон нутагтаа зохион байгуулснаар хөрөнгө арвижуулах, орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаанд ахиц гарах боломж улам нэмэгдэж буй юм.