Нийтэлсэн өдөр: 2015.09.14, даваа
ЦССҮТ-өөс санаачлан Эрүүл мэнд, спортын Сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Энэ есдүгээр сарын 3-ны өдөр ХХЕГ болон Хилийн 0253 дугаар анги, ХЦДБЧ-ын бие бүрэлдэхүүн авлагагүй донорын эгнээнд нэгдлээ. Донорын тухай хуульд цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус цусан бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэхэд МУЗН сургалт, сурталчилгааг хариуцахаар заасан. Тийм учраас МУЗН сар бүрийн энэхүү өдрийг тэмдэглэхэд ЦССҮТ-тэй хамтран ажиллаж байна. Өнгөрсөн сард энэхүү өдөрт Зэвсэгт хүчний жанжин штабын хамт олон нэгдэж, цусаа бэлэглэсэн.
Буянт үйлс бүтээх энэ өдөр хилчид эх орны амар амгалангийн төлөө зүтгэхээс гадна нийгмийн хариуцлагаа ухамсарлан бусдын алтан амийг аврахад давхар хүчин зүтгэхээр болсон юм. Энэ үеэр ХХЕГ-ын удирдлагуудын санаачилгаар ЦССҮТ болон МУЗН-тэй хамтран ажиллах гурвалсан гэрээнд талууд гарын үсэг зурлаа.
МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Хил хамгаалах ерөнхий газрын орлогч дарга, бригадын генерал Ч.Сайнтөр, ЦССҮТ-ийн дарга Н. Эрдэнэбаяр нар энэхүү гэрээг үзэглэв. Ингэснээр жил бүрийн есдүгээр сарын 3-ны өдрийг Хил хамгаалах байгууллагын нэрэмжит “Цусаа бэлэглэх өдөр” болгож байгаа юм. Манай улсад цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ч хангалт төдийлэн сайн биш байна. Сар бүрийн гуравны өдрийг сонгож авсан бэлэгдэлийн утга нь нэг удаа бэлэглэсэн таны цуснаас 3 бүтээгдэхүүн бэлтгэж,3 хүний амь нас авардаг,үүрд мөнх орших тулгын гурван чулуу, үргэлж мандан бадрахын бэлэгдэл болсон монгол соёмбон дээрх гурван гал, мөнх үргэлжлэхийн бэлэгдэл өнгөрсөн,одоо,ирээдүй гурван цаг зэргээс гурвын тоо бол үүрд мөнх, хувиршгүй гэсэн санааг агуулдаг ажээ.