Нийтэлсэн өдөр: 2015.07.21, мягмар
МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газрынхан болон Нийгмийн халамж хөтөлбөрийн “Хөдөөгийн нийгэм, эдийн засгийг дэмжих” төслийг хэрэгжүүлэгч долоон аймгийн зарим дарга, нягтлан бодогч, арга зүйчид Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Дунд шатны хорооны туршлага судлаад Байгаль далай хүртэл аяллаа.
Төслийг хэрэгжүүлэгч долоон аймаг тус бүрээс гурав, Архангай, Орхон, Хөвсгөл аймгийн Дунд шатны хорооны дарга гээд нийт 20 гаруй хүн төсөл хэрэгжүүлэх туршлага судалсан юм.
МУЗН-ийн нийгмийн халамж хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт Их британийн Улаан загалмайн нийгэмлэгийн санхүүжилтээр “Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийнхэнд хүргэх нь” төсөл хэрэгждэг. Тиймээс хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй халамжийн хоёр төслийн үйл ажиллагааны туршлагыг харилцан солилцсон байна. Ерөнхийдөө хоёр төслийн үйл ажиллагаа адилхан боловч зохион байгуулалтын зарим нэг ялгаа харагдаж байлаа. “Халамж” өргөөгөөр дамжуулан төслийн үйл ажиллагаа Дархан-Уул аймагт сайн хэрэгжиж байна.
Сайн дурын идэвхтнүүдийг идэвхжүүлэх, тэднийг дэмжихэд тус хороо анхаарал тавин ажилладаг. Тухайлбал, Сайн дурын идэвхтнүүдийг тууштай ажиллуулахын тулд хамт олныг бүрдүүлэхэд чухалчилдаг ажээ. Өөрөөр хэлбэл, амралт чөлөөт цагийн хамтдаа өнгөрөөх, эрүүл мэндийн үзлэгт оруулах, хувь хүнийг чадавхжуулах сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг байна.
Төсөл бүр 100 Сайн дурын идэвхтэнтэй, тэд тус бүр гурван халамжлуулагчтай зэрэг үйл ажиллагаа ижил юм. Гагцхүү арга зүйчид “Халамж” өргөөгөөр зочилж, Сайн дурын идэвхтнүүдтэй ярилцах нь “мянга сонсохоор нэг үз” гэдэг шиг бодит байдлыг харсан нь давуу тал ажээ. Мөн ялгаагүй Сэлэнгэ аймгийн Улаан загалмай хороо ч өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд хийсэн ажлаа танилцуулж, арга зүйчид сонирхсон асуултуудаа асууцгаалаа.
Ийнхүү хоёр өдөр туршлага судлах үйл ажиллагаанд оролцоод Итгэлт хамбад бараалхаад ОХУ-ын Улаан-Үд хотыг зорьж улмаар Байгаль далайн эрэг дээр хоёр хоног амарсан юм.
Ерөнхий нарийн бичгийн даргын газраас жил бүр хөрш орнуудад туршлага судлах, амрах аяллыг зохион байгуулж байна. Аялалд дунджаар 40-50 улаан загалмайчид оролцон туршлага судлахаас гадна хамт олноороо цагийг зугаатай өнгөрөөж, цаашид ажиллах урам зоригоор хөглөгддөг билээ.
Улаан-Үд хоттой танилцаад Байгаль далайн хамгийн нам дор элсэрхэг хөрстэй, амарч тухлахад тохиромжтой эргийн тосгонд очсон. Максимха тосгонд аялагч жуулчлагчид олноороо иржээ. Манай монголчууд ч цөөнгүй. Зуны дэлгэр цаг учраас монголчууд Итгэлт хамбад бараалхаад Байгаль далайг зорих нь элбэг аж. Дэлхийн цэнгэг усны хамгийн их нөөцтэй, гүн цэнхэр Байгаль далай үзэсгэлэнтэй. Бид далайг усанд шумбахаас гадна усан завиар зугаалж, хөвдөг завиар салхи татуулан зугаацлаа.
Мөн орос үндэсний амтат хоолоор дайлуулж, тосгоны амьдралын зах зухаас мэдэрсэн нь сонин сайхан байв.
Манай багийг ахалж явсан Хүний нөөцийн ахлах ажилтан Б.Баярчимэг, хоол ундаар дутаахгүй үргэлж санаа тавьж явсан нярав Д. Даваасүрэн эгчдээ бид талархаж байгаа сэтгүүлээрээ дамжуулан хүргэж байна.