МУЗН Балбын ард түмэнд зориулж 40 сая төгрөгийн хандив цуглууллаа

Нийтэлсэн өдөр: 2015.06.30, мягмар

 

         

Өнөөдөр МУЗН-ийн төрсөн өдөр​. Тэртээ 1939 оны Халх голын дайны хүнд хэцүү нөхцөлд шархадсан цэргүүдэд Сайн дурынхан  хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэлсэн цаг хугацаанаас МУЗН-ийн үүсэл, хөгжил тооцогддог юм.

Өнөөдөр МУЗН 76 жилийн ойгоо хэвлэл мэдээллийнхэн болон хүмүүнлэг үйлстнүүдийнхээ төлөөлөлтэй тэмдэглэллээ.

Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд газар хөдлөлтөд нэрвэгдсэн Балбын ард түмэнд туслах аян зохион байгуулсан. Төрсөн өдрөөр хандивын  аяны үр дүн болон хандив өгсөн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг урамшуулж,  хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

 

Энэ аянд МУЗН-ийн Дунд шатны хороод, дэмжигч байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс идэвхтэй оролцож нийт 40,647,472 төгрөгийн  (20,000 швейцарь франк) мөнгөн хандивыг цуглуулжээ. Тус аяны хүрээнд Улсын филармоны “Морин хуур” чуулгын хамт олонтой хамтран хандивын тоглолтыг зохион байгуулсан юм.  

Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ аймаг болон нийслэлийн  Чингэлтэй дүүргийн Дунд  шатны хороод аянг идэвхтэй өрнүүлэн ажилласан.  Мөн Онцгой байдлын ерөнхий газар, Мал тариалангийн эрсдэл судлах төв, “Номин Холдинг”, “Итгэлт хүлэг”, “Бимекс” ХХК-ийн хамт олон хандивын аяныг дэмжиж оролцов.

Тиймээс эдгээр газруудын төлөөлөгчдөд “Хүмүүнлэг үйлстэн” өргөмжлөлийг Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа гардууллаа.

 

Хандивын аяны нийт дүн  

  №

      Хаанаас

    Мөнгөн дүн

  1

      Дунд шатны Улаан загалмайн хороод

    24,304,310.00

  2

      Байгууллага, аж ахуйн нэгж

    5,579,585.00

  3

      Хувь хүн

    1,213,000.00

  4

     Хандивын хайрцаг

    617,567.00

  5

     Морин хуур чуулгын хандивын тоглолт

    8,935,010.00

 

     Нийт  

   40,647,472.00

 

ОУУЗУХСНХ, Балбын Улаан загалмай Нийгэмлэг  14 мянган  өрхөд хүнсний тусламж,  200 мянган  хүнд онцгой байдлын үеийн хоргодох байрны иж бүрдлийн тусламж, 100 өрхөд  ус нэвтэрдэггүй хоргодох байр, 300 мянган  хүнд хүнсний бус тусламжийн бараа, 200 мянган  хүнд бэлэн мөнгө, 40 мянган  хүнд эрүүл мэндийн болон халамжийн үйлчилгээ, 200 мянган  хүнд  цэвэр ус, ариун цэврийн чиглэлээр сургалт, сурталчилгааны ажиллагаа зохион байгуулах шаардлагатай тухай мэдээлсэн байна.

Мөн гамшигт өртсөн 700 мянган  хүнд 24 сарын турш хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд 85 сая швейцарь франк шаардлагатай ажээ.  ОУУЗУХСНХ энэхүү хандивын үйл ажиллагааг 189 гишүүн орны Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдээрээ дамжуулан идэвхтэй өрнүүлж байна.