Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
Зүүн азийн орнуудын Улаан загалмай нийгэмлэгүүдийн удирдагчдын ээлжит уулзалт энэ удаа Улаанбаатар хотод эхэллээ. Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэмжлэгтэйгээр жил бүр бүсийн аль нэг оронд зохион байгуулагддаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн уулзалт Бээжин хотод болсон юм.
Зүүн азийн бүс нутагт Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ болон Монгол Улсын загалмай нийгэмлэгүүд багтдаг. Уулзалтад, БНСУ-ын үндэсний нийгэмлэгүүдийн Ерөнхийлөгчид, Япон, БНХАУ, БНАСАУ-ын үндэсний нийгэмлэгийн дэд Ерөнхийлөгчид оролцож байна. Мөн Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази номхон далайн бүсийн дарга, зүүн бүсийн дарга болон төлөөлөгчид, Олон улсын Улаан загалмай хорооны Зүүн бүсийн төвийн дарга, төлөөлөгчид тус тус оролцож байна.
Энэ удаагийн уулзалт "Олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд бүс нутгийн хамтын ажиллагаа, инновацийг сайжруулах" гэсэн сэдвийн дор болж байгаа бөгөөд бүс нутгийн хамтын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэв.
УИХ-ын гишүүн, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд уулзалтыг нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, өнгөрсөн жил Бээжин хотноо болсон Ази номхон далайн орнуудын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн бага хурлаас баталсан “Иновацийн төлөө” уриалгыг МУЗН дэмжиж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө Үндэсний нийгэмлэг бүр хүчин чармайлт гаргаж, арга туршлагаа хуваалцахад бэлэн гэдэгт итгэж байна гэв. Мөн тэрбээр төр, Улаан загалмайн түншлэл хамтын ажиллагааг сайжруулах, үндэсний хүмүүнлэгийн тусламжийн байгууллага байхаар статусыг өөрчлөхийн тухай МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа тухай онцолсон. Үгийнхээ төгсгөлд МУЗН-ийн үйл ажиллагааг бүх талаар дэмжин тусалж, Үндэсний нийгэмлэгийн хүчин чадлыг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд хүмүүнлэгийн бодлогыг бүс нутагтаа түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааны цаашдын зорилгыг тодорхойлоход энэ удаагийн уулзалт өндөр ач холбогдолтой хэмээн тодорхойллоо.
Мөн уулзалтад Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирж үг хэлсэн юм. Тэрбээр, гамшиг, осол, хүчирхийлэл, мөргөлдөөний үед хүний амь насыг авран хамгаалах, зовлон бэрхшээлийг нимгэлэх, нөхөн сэргээх зэрэг хүмүүнлэгийн үйл ажиллагааг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөн онцгой үүрэг хүлээж ирснийг онцолсон. Зүүн Азийн бүс нутгуудад тохиолдож буй гамшгийн төрөл давтамж нэмэгдэж буй учраас бүсийн хэмжээнд гамшгийн үед хариу арга хэмжээ авах системийг буй болгож, чимээгүй гамшгийн үед ажиллах багийг бэлтгэх, чадавхжуулах шаардлагатай гэв. Өнгөрсөн 3 дугаар сард Японы Сэндай хотод болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах” дэлхийн бага хурлын баримт бичигт тусгасан 5 чиглэлийг танилцууллаа. Мөн бүсийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт зэрэг бүхий л нөхцөлөөр нэмэгдүүлэхэд энэхүү уулзалт чухал ач холбогдолтой гэж үзлээ.
УИХ-ын дарга З.Энхболд ирүүлсэн илгээлтдээ, Зүүн Азийн Улаан загалмайн Үндэсний нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, шинэ санаа, шинэ арга барилыг хүмүүнлэгийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, идэвхтэй хамтран ажиллах шаардлага бий болж байгаа тухай өгүүлээд хөдөлгөөний хүмүүнлэгийн бодлого стратегийг идэвхтэй хэрэгжүүлж, болзошгүй осол аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, олон нийтийн хүч, нөөцийг дайчлах үйл ажиллагааныхаа менежментийг сайжруулахад цаашид улам идэвхтэй ажиллана гэдэгт итгэж байгаа тухай дурджээ. Мөн хууль эрх зүйн орчин сайжруулахаар Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд “Парламентын нөхөд” лобби бүлэг байгуулж, идэвхтэй ажиллаж байгааг талархан дэмжиж байгааг илэрхийлээд хүмүүнлэгийн үйл ажиллагааг бүс нутагтаа түгээн дэлгэрүүлж, Үндэсний нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд Зүүн Азийн орнуудын Улаан Загалмай Нийгэмлэгийн удирдагчдын уулзалт чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна гэсэн байна.
Мөн 2015 онд Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөний үндсэн зарчим батлагдсаны 50 жилийн ой тохиож байна. Зүүн азийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн удирдагчид Хөдөлгөөний долоон зарчим батлагдсаны хүрээнд нэгдсэн тунхаглал гаргасан нь энэ удаагийн удирдагчдын уулзалтын онцлог юм.
ОУУЗУХСНХолбоо болон хорооны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа НҮБ-ын суурин төлөөлөгч зэрэг хүмүүс нээлтийн арга хэмжээнд үг хэлсэн.
Нэгдсэн тунхаглал хүмүүнлэгийн үйлсийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд хөдөлгөөний Үндсэн 7 зарчим гол чиглүүлэгч үүргийг гүйцэтгэж байсныг онцлон тэмдэглээд хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх тулгуур үндэс болж, гол үүрэг гүйцэтгэн хоорондоо уялдаа холбоотой бат бэх оршин тогтнож байгааг онцлон дурсаж байна гэж тунхаглажээ. Мөн иргэд, олон нийт, Засгийн газарт хүмүүнлэгийн үйлсэд нэмэлт хүч болох Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Хөдөлгөөний итгэлийг бататгаж байна гээд энэхүү зарчим бидний нэгдлийг дахин бататгах болно гэсэн байна.
Уулзалтаар үндэсний нийгэмлэгүүд тодорхой зарчимд тулгуурлан амлалт авсан юм. Амлатын гол агуулга нь зарчимч, шинэлэг, алсын хараатай санхүүгийн хувьд тогтвортой, даван туулах чадвартай Үндэсний нийгэмлэг бий болгохын тулд Зүүн-Азийн түншлэлийн замаар хамтран ажиллахаа амлаж байна гэжээ.