Миний амарч байсан зуслангийн ээлжүүдээс хамгийн гоё нь Улаан загалмайнх

Нийтэлсэн өдөр: 2015.06.15, даваа

МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний жил бүр Олон улсын “Найрамдал” төвд зуслан цугларалт зохион байгуулдаг. Энэ жилийн зуслан цугларалтын үеэр  хоёр жил тутамд зохион байгуулагддаг  Үндэсний чуулган болсон юм.

Энэ удаагийн VIII чуулганаар Хүүхэд залуучуудын хөдөлгөөний дүрмээ шинэчлэн хэлэлцэж, хөдөлгөөний тэргүүнээ анх удаа нээллтэй санал хураалтаар сонгосон.

Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа оролцож үг хэллээ. Тэрбээр,  76 жилийн түүхт хүмүүнлэгийн байгууллагын ирэх он жилүүдийн түүхийг  өсвөрийн Улаан загалмайчид Та бүхэн бичих болно. Тиймээс Хүүхэд залуучуудын хөдөлгөөний хүүхдүүд бидний ирээдүй, тулах хүч. Энэхүү чуулганд хүрэлцэн ирсэн өсвөрийн Улаан загалмайчид,  Дунд шатны хорооны арга зүйчид, идэвхтэн гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Улаан загалмай Улаан хавирган сар  хөдөлгөөн бол хүний амьдралын зовлонг нимэглэх, ард иргэдийг авран хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн сүлжээ байгууллага юм. Улаан загалмайчид биднийг яс үндэс, шашин шүтлэг, нас, хүйс, хил хязгаар үл ялгаварлан энэрэнгүй, шударга, төвийг сахьсан, бие даасан, сайн дурын, нэгдмэл, түгээмэл гэсэн долоон зарчим нэгтгэж байна. Эдүгээгээс 50 жилийн өмнө долоон зарчим батлагдаж байсан түүхтэй. Та бүхэн бага наснаасаа Улаан загалмай хөдөлгөөнд нэгдэж, хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа байгаад бахархаж байна гээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Чуулган хөтөлбөрийн дагуу тус хөтөлбөрийн ажилтан Г.Сугармаа жилийн ажлын тайлангаа тавьсан.

Түүний дараа “Татвар”, “Үйл ажиллагаа”, “Гишүүнчлэл”, “Брэнд” гэсэн салбар хуралдаануудаас  гарсан саналын үр дүнг хэлэлцэв. Тухайлбал, “Гишүүнчлэл” салбар хуралдаанаар 3-11 насны хүүхдүүдийг багачуудын, 12-18 бус 12-16 насныхныг  өсвөрийн Улаан загалмайч, 17-25 насныхныг залуучуудын Улаан загалмайч, 26-35 насныхныг идэрчүүдийн Улаан загалмайч  гэж өөрчлөх санал гаргажээ.

Мөн нас насны ангиллаар гишүүнчлэлийн татвар нэмэгдэх тухай санал гарсан байна. Өөрөөр хэлбэл, идэрчүүдийн Улаан загалмайчдын татвар хамгийн өндөр байх юм.

Мөн “Брэнд” салбар хуралдаанаас хөдөлгөөний лого, дүрэмт хувцас, туг далбаа зэрэг бэлэгдлүүдийг нэг загварт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, нас насны ангиллаар хувцасны өнгө өөр байсныг жигдэлж бүгд улаан өнгөөр ижилсэх,  Залуучуудын Улаан загалмай хөдөлгөөн гэсэн логоны нэрээ Хүүхэд залуучуудын хөдөлгөөн гэж шинэчлэх зэрэг саналууд дэмжигдэв.

Мөн  эрүүл мэнд, нийгмийн халамж, гамшиг, манлайлал ба хувь хүний хөгжил, хүрээлэн буй орчин, хамтын ажиллагаа  гэж тодорхой зургаан чиглэлд хөдөлгөөний үйл ажиллагааг чиглүүлэхээр болов.

Мөн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүнийг гишүүдийн санал хураалтаар сонгох дүрмийн өөрчлөлтийн дагуу нээлттэй санал хураалт болсон юм.

Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Баттогтох болон залуу Улаан загалмайч Б. Мөнгөнзаяа  нар нэр дэвшсэн байна.  Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүд тэднээс асуулт асууцгаав.

Удирдагч гэж ямар хүн байх ёстой, манлайлал гэж юу вэ,  тэргүүнээр сонгогдоод хамгийн түрүүнд ямар өөрчлөлт хийх вэ, аль нэгэн улстөрийн намтай холбоотой юу, арга зүйч нарыг хөгжүүлэхэд юу хийх вэ гэх зэрэг асуултуудыг нэр дэвшигчдээс асуув.

Х.Баттогтох “ Захирч, тушаадаг хүн орчин цагийн удирдагчийн хэв маяг биш болсон. Энгийн үгээр хэлэхэд “яв биш явцгаая” гэж уриалдаг хүн удирдагч байж чадна. Удирдагч хүн өөрийгөө бусдын дунд удирдаж чаддаг байх хэрэгтэй. Тэргүүнээр сонгогдвол гишүүдтэйгээ  чин сэтгэлийн найз нөхдийн хувиар танилцаж нөхөрлөнө. Арга зүйчдэд маань ажиллах гарын авлага үгүйлэгдэж байгаа. Нэн тэргүүнд тэдэнд зориулсан гарын авлага боловсруулахаар  төлөвлөж байна. Улстөр, Улаан загалмай хоёр хэзээ ч нэгдэж  байгаагүй. Би Улаан загалмайч хүн учраас улстөрийн намын харъяаллаас ангид байсан цаашид ч энэ бодлогоо баримталж явна”  гэв.

Б.Мөнгөнзаяа “Захирал албан тушаалтан бус өөрийн орон зайд өөрийн манлайллыг үзүүлж чаддаг хүнийг хэлнэ. Тэргүүнээр сонгогдвол цахим орчинд Улаан загалмайчдыг алдаршуулах ажлын эрчимтэй хэрэгжүүлнэ. Арга зүйчдийг хүүхэд залуучуудтай харилцах харилцааны талд сургах хэрэгтэй гэж бодож байна. Мөн арга зүйчидтэй хамтран чуулган хийж тулгамдсан асуудлуудаа ярилцах ёстой.  Улстөр гэдэг тусдаа ангид зүйл биш юм. Бидний сайн сайхны төлөө улстөр ажиллаж байгаа гэдгийг ойлгох ёстой. Энэ бол нийгмийн нэг давхарга. Бид өөрсдийгөө хөгжүүлэхэд л хичээх ёстой”  гэв.

Нэр дэвшигчдээс ийнхүү  асуулт асуусны дараа санал хураалт нээлттэй  явагдлаа. Санал хураалтад оролцсон 78  гишүүний 44 нь  Х.Баттогтохын төлөө саналаа өгчээ.  

Ингээд Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн сонгох анхны сонгуулиар Х.Баттогтох сонгогдов. Тэрбээр Хууль зүйн яамны хэвлэлийн төлөөлөгчийн албан тушаалтай. Хүүхэд залуучуудын Улаан загалмайн хөдөлгөөнд  12 жилийн өмнө элсэж, түүнээс хойш тус  хөдөлгөөний жирийн гишүүнээс хөтөлбөрийн  удирдагч хүртэл ажиллаж байсан юм.

 

Хүүхэд залуучуудын хөдөлгөөний зуслан цугларалтын үйл ажиллагаа өртөөчилсөн сургалтуудаар үргэлжиллээ. “Анхны тусламж амь нас аварна”, “Би бол баатар”, “Эрүүл харилцаа”, “Өөрчлөлтийг өөрөөсөө”, “Түүхэн хуудас”, “Happy” гэсэн өртөөнүүдэд хүүхдүүд хуваагдан сургалтад оролцлоо. Тухайлбал, “Би бол баатар” өртөөгөөр гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх, газар хөдлөлт болвол ямар арга хэмжээ авах зэрэг хичээлүүдийг заасан. Мөн аливаа гамшиг болоход “Хэрвээ чи ямар нэгэн баатарлаг үйлстэн байсан бол юу хийх вэ” гэсэн асуултуудад хүүхдүүд уралдан хариулцгааж  байв. “Би супермэн  болбол газар хөдлөх үед байшин барилгуудыг хөдөлгөөнгүй тэвэрч нураахгүй”, Би хүн аалз байсан бол  далайн давалгаа түрэн ирэхэд хүмүүсийг аюулгүй өндөр газарт нисээд хүргэж өгнө” гэх зэргээр үзсэн киноны дүрээ төсөөлөн өөрсдөө баатар болсон мэт ярилцав. 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..