Нийтэлсэн өдөр: 2015.05.05, мягмар
Өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд “ Балбын ард түмэнд тусалъя” сэдэвт хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.
Хуралд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Элчин сайд асан О.Нямдаваа, СГЗ, зохиолч Ж. Саруулбуян болон нийслэлийн Баянхошуу дахь асрамжийн Сэнт Паул цэцэрлэгийн багш, хүүхдүүдийн төлөөлөл оролцсон.
Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа Балба улсын гамшгийн байдал, хохирлын талаар сүүлийн үеийн байдлыг танилцуулсан юм.
Балба улсад 2015 оны 04-р сарын 25-ны 11:56 минутанд 6-8 баллын хүчтэй газар хөдлөлт болж тус улсын нийт 50 бүс нутгийн 29 нь газар хөдлөлтөд нэрвэгджээ. Энэхүү газар хөдлөлт нь хил залгаа бүс нутгуудыг хамарч, БНХАУ-ын Өөртөө засах орнуудын зарим хэсэгт чичирхийлэл мэдрэгдсэн. Энэхүү гамшгийн улмаас одоогийн байдлаар 6659 хүн амиа алдаж, 14062 хүн гэмтэж бэртэж, 8 сая хүн газар хөдлөлтөд тодорхой хэмжээгээр нэрвэгдээд байна.
Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо нь дэлхийн 189 Улаан Загалмайн үндэсний нийгэмлэгүүдийг эгнээндээ багтаасан байгууллага юм. Олон улсын улаан загалмайн холбооны гишүүн орнууд газар хөдлөлт болсон даруйд Балбын ард иргэдэд туслах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Улс орнуудын тусламжийн хэлбэрийг авч үзвэл мөнгөн тусламж, тусламжийн хүнс, хувцас, гамшгийн үед туслах ажиллах хүч, эрүүл мэнд материал техникийн хэрэгсэл, аврах нохой зэргээр тусалж байна.
Газар хөдлөлт болсноос хойших эхний долоо хоногийн байдлаар АНУ, Их Британи, Австрали, Норвеги тэргүүтэй орнуудын Засгийн газар Балбын ард түмэнд туслалцаа үзүүлж эхэлсэн бол Улаан Загалмайн нийгэмлэгүүдийг оролцуулсан олон улсын нийт хандивын хэмжээ 67.8 сая ам.долларт хүрээд байна. Гэсэн хэдий ч хандивын хэмжээ төдийлэн хангалттай биш байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ирэх 3 сарын хугацаанд 415 орчим сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ.
Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд 1959 онд 84 дэх гишүүнээр элсэн орсон. Олон Улсын Улаан Загалмайн хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсгийн хувьд Монголын Улаан Загалмай Нийгэмлэг үүрэг хариуцлагаа ухамсарлан, гамшигт нэрвэгдээд буй Балбын ард иргэдэд туслах хандивын үйл ажиллагааг эхлүүлж байна.
Балбын ард иргэдэд хандивын гараа сунгахыг Монголын бүх ард иргэд төдийгүй аж ахуйн нэгж, байгууллагуудаас уриалж байна гэв.
Элчин сайд О.Нямдаваа Балбын ард түмэн монголчууддаа холбоотой түүхийн тухай ярьсан танилцууллаа.
Бурхан багшийн мэндэлж мэлмий нээсэн нутаг бол Балбын Люмбини гэдэг газар. Балбын 30 сая хүний 12 сая нь өөрсийгөө монголчууд гэдэг. Тэд 10-5 мянган жилийн өмнө Монголоос нүүдэллэн гарч тэнд суурьшсан хүмүүс. Тухайн үед Монголын жинчид Балбын Балба мужаас ган эдлэл худалдан авдаг байсан түүхтэй. Тэднээс хүмүүс “Хаана хүрээд ирэв” гэж асуухад “Балба ороод ирлээ” уг мужийнх нь нэрээр нэрлэдэг байж. Ингээд одоогийн Непал орныг бид Балба гээд дууддаг болсон юм. Тухайн үед монгол жинчид “Балбын дархчуудын балбаж балбаж, бас дахин давтаж хийсэн зүйлүүдийг авчирлаа” гэдэг байсан. Энэ нь хутга, сэлэм зэрэг байсан л даа. Балбад Монгол гаралтай хүмүүс байдаг гэдэг утгаар бидний хувьд маш ойр дотно. Түүнчлэн тус улс нь газар зүйн байршлын хувьд бидэнтэй ижил. Энэтхэг, Хятад гэсэн хоёр том хөрштэй, далайд гарцгүй орон. Иймд Монгол, Балба бие биеэсээ туршлага хуваалцах чиглэлээр 2001 онд хоёр улсын Төрийн тэргүүн нар харилцан айлчилж байсан түүхтэй. Тэр үед Балбын Ван, Ерөнхий сайд нар ньманайд ирсэн бол Ерөнхийлөгч Н.Багабанди Балбад айлчилж байсан. Түүгээр барахгүй Балбын Ван өөрийн улс орныхоо нутаг дэвсгэрт Монгол сүм байгуулах газрыг Люмбинид өгч байсан юм. Эндээс Энэтхэгийн хил 1-2 цагийн зайтай байдаг л даа.
Монгол Балба улс хэдийгээр хэлхээ холбоогоо сайжруулъя гэж байгаа ч эдийн засгийн хувьд санхүүгийн асуудал тулгардаг. Балба бол манай улстай бүхий л талаар харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх туйлын их сонирхолтой ард түмэн. Хамгийн гол саад нь манай хоёр улс адилхан ядуу буурай орон бөгөөд газар зүйн байршлын хувьд зайтай. Онцгоор ирж, очлоо гэхэд заавал өөр улс орноор дамжина.
Тэд Монголын дуу хоолой нэртэй сэтгүүлтэй, Монголын зүрх сэтгэл гэдэг хөгжмийн хамтлагтай. Мөн “Мисс Монгол” тэмцээнээ жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд уг тэмцээн ирэх тавдугаар сарын 9-нд болохоор төлөвлөгдөж байсан юм. Ер нь дэлхийгээр тархсан монгол гаралтай ямар ч улс, үндэстэн ийм элгэмсүү байдаггүйг бид бүхэн мэднэ. Тиймээс монголчууд боломжийнхоо хэрээр гамшигт нэрвэгдсэн тус улсад хандив тусламж хүргээсэй гэж уриалмаар байна. Тэдний дотор монгол гаралтай олон сая хүн байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс түүхийн улбаа, уламжлал шашин шүтлэгээ бодсон ч Балбын ард түмний маш хүнд нөхцөлд бид туслах ёстой гэв.
Сэнт Паул цэцэрлэгийн 90 гаруй хүүхдүүд эцэг эхтэйгээ нийлж хандивын дансны салхийг хагалж, Балбын ард түмэнд тусламж цуглуулсан байна.
Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа