Хүмүүнлэг үйлсийн дэлгэрүүлэх туршлага судлах ээлжит аялал боллоо

Нийтэлсэн өдөр: 2015.04.21, мягмар

Дунд шатны Улаан загалмай хорооны дарга нар болон Ерөнхий нарийн бичгийн даргын газрын зарим ажилтнууд Хэнтий-Дорнод аймаг-  ӨМӨЗО-ны  Манжуур хот гэсэн  чиглэлд туршлага судлах аяллыг энэ сарын 8-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 Өнгөрсөн жил Дархан-Уул, Сэлэнгэ аймаг болон ОХУ-ын  Улаан-Үд хот гэсэн чиглэлээр аялж байсан юм.

Энэ удаагийн аялалд нийт 30 гаруй хүн оролцлоо.  Аяллын маршутын дагуу Хэнтий аймгийн Улаан загалмай хорооны  үйл ажиллагаатай  эхлээд танилцсан юм.  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Улаан загалмай анхан шатны хорооны хамт олон болон “Нигүүлсэнгүй үйлст”  малчдын төлөөлөл биднийг утгаж авлаа. Аймаг бүрийн Улаан загалмай хороо өөр өөрийн онцлогтой. Хэнтий аймгийн Улаан загалмай хороо малчдад хандсан олон төрлийн үйл ажиллагаа явуулж, тэднийгээ түшиж ажилладаг. Тиймээс хамгийн олон “Нигүүлсэнгүй үйлст” малчидтай гэдгээрээ бахархдаг ажээ.

 

Цэнхэрмандал сумаас хөдлөөд Жаргалхаан, Өмнөдэлгэр сумын Өсвөрийн Улаан загалмайчдын туршлага судлах уулзалтад оролцлоо. Жаргалхаан сумын дунд сургуулийн авъяаслаг сурагчдын урлагийн тоглолтыг бид үзэж сонирхсон юм.  Нэгдүгээр ангийн алдрай  бяцхан жаалаас эхлээд төгсөх ангийн сурагчдын иж бүрэн тоглолт аялалын багийнхний сэтгэлийг хөдөлгөж чадлаа.

 

Хэнтий аймгийн төв Чингис хаан хотод нэг өнжөөд маргааш өглөө нь эртлэн Дорнод аймгийн зүг хөдлөв. Дорнод аймгийн Улаан загалмай хорооныхон биднийг бүтэн өдрийн хөтөлбөртэй угтсан юм.  Бид дөрвөн  цэцэрлэг, хоёр сургуулийн Улаан загалмайн анхан шатны хорооны үйл ажиллагаатай танилцсан. Хүүхэд багачуудыг багаас нь  хүн хүндээ туслах сэтгэлээр хүмүүжүүлэхэд Багачуудын Улаан загалмай бүлэг ихээхэн ач холбогдолтой ажээ. Цэцэрлэгийн багачуудаас Улаан загалмай гэж ямар байгууллага вэ гэж асуухад “Хүн хүндээ тусалдаг, хүмүүнлэгийн байгууллага” гэж хэвлүүхэн хариулж байна билээ.

 

Дорнодын Улаан загалмай хороо бидний аялалын багт зориулан 300 сурагчдын иж бүрэн тоглолт бэлтгэжээ. Энэхүү тоглолт аймгийн Хөгжим драмын театрт мэргэжлийн төвшинд зохион байгуулагдсныг онцлох нь зүйтэй.

Дорнодод мөн нэг өнжөөд өглөө эртлэн Манжуурын зүг хөдөлсөн. Манжуурын Улаан загалмай хорооны дарга болон зарим ажилтнууд аялалын багийг  хилийн дээсэн  дээрээ утгаж авлаа.

Манжуурт дөрвөн өдрийн турш шахуу үйл ажиллагаатай байв. Хамгийн эхний арга хэмжээ бол хоёр улсын Улаан загалмайн хамтын ажиллагааны уулзалт байв.

 

Уулзалтад МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон Манжуурын Намын хорооны дарга, Манжуур хотын дарга  болон Улаан загалмай хорооны дарга, дэд дарга нар оролцлоо.

Манжуурт 4 хоног ажиллах хугацаандаа хоёр ч эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.  Түүний нэг нь тус хотын Улаан загалмай дэргэдэх эмнэлэг юм.  Ер нь Манжуурын эмнэлгүүд нь сүүлийн үеийн бүх тоног төхөөрөмжөөр тоноглогдсон учраас  шинжилгээ, оношилгоо хийх боломж энд бүрджээ. Бид эдгээр эмнэлгийн шинжилгээ, оношилгооны бүх тоног төхөөрөмжтэй нэг бүрчлэн танилцсаныг онцлох хэрэгтэй. Улаан загалмайн ажилтнууд дотор  эмч мэргэжилтэй хүн олон учраас Манжуурын эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ тэдний сонирхлыг ихээхэн татаж байсан юм.

 Мөн Монгол, Орос, Хятад гурван улсын хамтарсан тусламжийн төвийн  нээлтэд оролцлоо. Энэхүү төв нь яаралтай түргэн тусламжийг хил хязгааргүй үзүүлж, иргэдийн амь насыг авран хамгаалахад үйл ажиллагаагаа тэлэх ажээ. Харин хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөхийн тулд аль ч улсын хил гаалийн газартай хэлэлцээр хийж, яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэх бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллахаар ярилцлаа. МУЗН-ийн хувьд Хил хамгаалах ерөнхий газрын дарга нь манай Удирдах зөвлөлийн гишүүн учраас энэ талын яриа хэлэлцээрийг хийхэд дөхөм юм.

Мөн аялалын сүүчлийн өдөр Манжуурын цэцэрлэгт зочиллоо.  Хятадын ард түмэн хүүхэд багачуудаа хэрхэн хүмүүжүүлж байгааг энэ цэцэрлэг бүрнээ харуулж байсан.  Гоо сайхны салон, дэлгүүр, зоогийн газар, үсчин, нарийн боовны цех, хилийн шалган нэвтрүүлэх пост,  гээд бүхий л үйлчилгээний жижиг хувилбарт бяцхан багачууд “ажиллаж” байна.

Гэхдээ тогооч жаал урт хормогч өмсөж, үсчин “залуу” хайч, сам бариад л үнэндээ бодит амьдралд тэд суралцаж чадаж байна. Тэр атугай  нэг нь саунд бие үрүүлээд хэвтчихсэн, нэг охин нь ус цацаж буй дүр үзүүлж байх жишээтэй. Энэчлэн амьдралын тохиол бүрийг багачууддаа сургахдаа орчинг бүрдүүлж чадсан нь гайхалтай ажээ.

Мөн Манжуурын нөхөд маань биднийг  Далай нуурын музей, арслан зааны парк гээд нүд хужирлах сайхан  газруудтайгаа  танилцуулсан.

 

МУЗН-ийн  ЕНБДГ-аас туршлага судлах аялалыг уламжлал болгон жил бүр зохион байгуулж байна.   Өөрөөр хэлбэл, Улаан загалмай хороо бүрийн  онцлог, давуу  үйл ажиллагаа нь бусдадаа туршлага болох сайхан боломжийг энэхүү аялал бүрдүүлж  байгаа юм. Мөн хилийн дээс алхаж, хөрш орны Улаан загалмай хорооны үйл ажиллагаанаас суралцах зүйл бидэнд их байна. Аль ч улс орны Улаан загалмайн  зарчим нэг. Өөрөөр хэлбэл, бидний хүмүүнлэг үйлсийн төлөөх зорилго тодорхой. Тиймээс  улаан загалмайчид  хил хязгаарыг даван аялаж,  туршлагаа хуваалцах нь хамгийн  том ололт юм. 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа