“Говийн чоно-2015” –д Улаан загалмайчид тэргүүлэн оролцлоо

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

“Говийн чоно-2015” гамшгийн хор уршгийг арилгах, дасгал сургууль, туршлага солилцох үйл ажиллагааг олон улсын төвшинд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газар, олон улсын болон төрийн бус байгууллагууд, АНУ-ын багийнхан оролцсон. Засгийн газрыг төлөөлж ОБЕГ, Зэвсэгт хүчний жанжин штаб, Эрүүл мэнд, спортын яам зэрэг 10 гаруй төрийн байгууллагынхан  оролцсон бол олон улс болон төрийн бус байгууллагуудыг төлөөлж НҮБ-ын зарим хөтөлбөрүүд, МУЗН, Дэлхийн зөн зэрэг байгууллагууд оролцлоо. Харин АНУ-ын багийн бүрэлдэхүүнд АНУ-ын Номхон далай дахь хуурай замын цэрэг, Аляскийн хуурай замын цэрэг болон үндэсний гвардынхан, Гадаадад гамшгийн тусламж үзүүлэх алба зэрэг мөн 10 гаруй байгууллагын төлөөлөл иржээ.

“ Говийн чоно” арга хэмжээ өмнө нь 2009-2012 онуудад зохион байгуулагдаж байсан бөгөөд гамшгийн өмнөх төлөвлөлт болон  хор уршгийг арилгах шуурхай ажиллагааны үеийн хүндрэл бэрхшээлийг  шийдвэрлэхэд Монгол улсын Засгийн газар, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудыг илүү бэлтгэлтэй болгох зорилготой юм.

МУЗН-ийн хувьд гамшгийн менежментийн хөтөлбөрийн хүрээнд гамшиг ослын өмнө болон дараа, дараагийн үеүдийг даван туулах, бэлэн байдлыг хангахад ажиллах сайн дурын бэлтгэгдсэн багтай учир ихээхэн ач холбогдол өгч оролцож байгаа юм.  Энэхүү дасгал, сургуулилт нь гамшиг болсон нөхцөл байдлыг буй болгож, авран туслах бүхий л арга хэмжээг бодитоор үзүүлдэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гамшгийн нөхцөл байдлыг буй болгосон үзүүлэх сургуулилт болсон юм. 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..