Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн Ази, номхон далайн бүс нутгийг хариуцсан менежер Дэвид Браун, мөн нийгэмлэгийн Хятад, Монгол дахь хөтөлбөрийн зохицуулагч Стифен Макнавли, Австралийн Улаан загалмай нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа олон улсын хөгжлийн төлөө Австралийн Сайн дурынхан байгууллагын Азийн бүс нутгийн хариуцсан менежер Жерард Видам нар МУЗН-д айлчилж байна.
Тэд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газрын үйл ажиллагаа болон хэрэгжиж буй хөтөлбөр, төслүүдийн явцтай танилцсан. Нийгэмлэгийн дөрвөн хөтөлбөрийн удирдагчид тус бүрдээ хөтөлбөрөө танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулж, илэн далангүй ярилцлаа.
Мөн түүний дараа “ Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль болж буй нийслэлийн Сонгинохайран дүүрэгт очсон байна.
Австралийн Улаан загалмай нийгэмлэг Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоогоор дамжуулан гамшгийн эрсдлийн бууруулах чиглэрээр МУЗН-тэй хамтран ажиллаж байгаа. Тиймээс тус нийгэмлэгийн төлөөлөгчид энэ сарын 24-27-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, Монгол дахь олон улсын байгууллагуудын оролцоотой болж буй энэхүү томоохон арга хэмжээнд ач холбогдол өгч оролцсон юм.
МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболдтой төлөөлөгчид Төрийн ордонд уулзаж, хамтын ажиллагааны алдаа, оноо, цаашдийн үйл ажиллагааны талаар ярилцсан. Энэхүү уулзалтад Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон газрын дарга нар оролцлоо.
Н.Энхболд хэлэхдээ, Австралийн Улаан загалмай, МУЗН олон жилийн хамтын ажиллагаатай байсан боловч хэсэг хугацаанд энэхүү харилцаа бүрхэг болж иржээ. Энэ бүхэнд бидний алдаа, дутагдал ч байгаа байх. Харин өнөөдөр хоёр нийгэмлэгийн хамтын ажиллагаа сэргэж байгаад баяртай байна.
МУЗН өнөөдөр шинэчлэгдэж, үйл ажиллагааны хүрээгээ өргөжүүлж байна. Мөн хууль эрх зүйн орчноо сайжруулахаар ажиллаж байгаа. Бид шинэ стратеги, зорилтоо тодорхойлж, төрдөө нэмэлт хүч болон ажиллахад эрх зүйн хувьд баталгаажуулах бодлогоо хэрэгжүүлэх болно.
Хоёр нийгэмлэгийн үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн зүгээс туслаж, хамтран ажиллахад бэлэн байна гэв.
Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн Ази, номхон далайн бүс нутгийг хариуцсан менежер Дэвид Браун МУЗН-ийн өнөөгийн үйл ажиллагаатай танилцаж, шинэчлэлийн үйл явц өрнөж байгааг мэдэрлээ. Эрхэм Ерөнхийлөгч Таныг хүлээн авч уулзаж байгаад талархаж байна. Цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжиж, МУЗН-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэдэгтээ итгэлтэй байна гэв.
Австралийн Улаан загалмай нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа олон улсын хөгжлийн төлөө Сайн дурынхны хөтөлбөрийн 4 дэх жилдээ явж буй ажлын үнэлгээг ирэх 6 дугаар сард хийнэ. Бидний хамтын ажиллагааны амжилтад тулгуурлан энэхүү үнэлгээг хийж байгаа гэж Австралийн Сайн дурынхан байгууллагын Азийн бүс нутгийн хариуцсан менежер Жерард Видам сайн дурын хөтөлбөрийн үйл ажиллагаагаа танилцуулсан.
Австралийн Улаан загалмай төлөөлөгчид Дархан-Уул аймгийн Улаан загалмай хорооны үйл ажиллагаатай танилцаж байна.
Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа...