Дэлхий нийт ирэх 20 жилд гамшгийн эрсдлийг хэрхэн бууруулах тухай бодлогоо тодорхойллоо

Нийтэлсэн өдөр: 2015.03.27, баасан

-Энэхүү хуралд МУЗН-ийн төлөөлөл оролцож, гамшгийн эрсдлийг бууруулахад хүмүүнлэгийн үйл  ажиллагааны хүрээгээ тодотгов

    Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн  III бага хурал 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд  Япон Улсын Сэндай хотод боллоо. Энэхүү хуралд Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Боловсролын газар, Дэлхийн зөн, Хүүхдийг ивээх сан, МУЗН болон орон нутгийн төлөөлөл зэрэг 17 хүний  бүрэлдэхүүнтэй оролцсон байна.

Монголын төлөөлөгчдийг Шадар сайд У.Хүрэлсүх ахлан явжээ. МУЗН-ийн  Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Мониторинг үнэлгээний багийн ахлагч А.Дэлгэрмаа, Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний ажилтан Г.Сугармаа, Залуучуудын  Улаан загалмайч Г.Номин нар МУЗН-ийг төлөөлөн оролцсон юм. 

Хуралд дэлхийн 187 орны 6500 төлөөлөгч, нийт үйл ажиллагаанд 152,082 хүн оролцсон статистик гарсан нь энэхүү хурлын цар хүрээ, ач холбогдлыг харуулж байна.

Тус хурлыг  НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газар зохион байгуулсан бөгөөд 2015 оноос хойшхи Гамшгийн эрсдлийг бууруулах тухай баримт бичгийг батлах, хэрэгжүүлэх үүрэг амлалт дээр үндэслэн хамтын ажиллагааны арга замыг тогтооход хурлын зорилго чиглэгдэж байв. Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн хурлын нээж  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн Бан Ги Мүн үг хэлсэн. Мөн Японы ерөнхий сайд Шинзо Абэ хуралд байр сууриа илэрхийлсэн юм. 

 

 

 

 

 

 

 

 

Хурлын нээлтийн үйл ажиллагаанаас 

Хурлын эхний өдрийн нэгдсэн хуралдааныг Япон улсын гамшгийн

асуудал эрхэлсэн сайд Эрико Яматани даргалав.

 

Хурлын үеэр сайд нарын дугуй ширээний ярилцлага, дээд түвшний салбар дундын түншлэлийн хэлэлцүүлэг, сэдэвчилсэн хуралдаан, гамшигт өртсөн бүс нутгийн сэргээн босголт, бодит байдалтай танилцах аялал, шинжлэх ухаан технологийн үзэсгэлэн зэрэг нийт 360 гаруй арга хэмжээ зохион байгууллагджээ.

Танилцах аялал

Цунамид өртсөн дунд сургуулийн сурагчдын хамт 

Хуралдаанд баяр хүргэж Сэндай хотын иргэдээс ирүүлсэн мэссэж

 

Сайд нарын дугуй ширээний ярилцлагын хүрээнд, гамшгийн эрсдэлийг хэрхэн удирдах, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг давах туулах арга замууд, 2015 оноос хэрэгжүүлэх Гамшгийн эрсдэлийг бууруулах хүрээ баримт бичгийг дэмжих олон улсын хамтын ажиллагаа, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах арга замууд, гамшгийн дараах сэргээн босголт “Илүү сайныг сэргээн босгох”, гамшгийн эрсдэлийгбууруулах олон нийтийн хөрөнгө оруулалтын стратеги  зэрэг сэдвүүдээр хуралдсан.

Дээд түвшний салбар дундын түншлэлийн хэлэлцүүлэгийн хүрээнд, эрсдэлийг тооцсон хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл, гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн манлайлалыг нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэлийн удирдлага, засгийн газар-олон нийтийн хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийг авч хэлэлцлээ.

Мөн техникийн холбогдолтой аюул, эрсдэлийг бууруулахаас сэргээн босгох хүртэл, гамшгийн эрсдэлийг шилжүүлэх ба даатгал, чадавхийг бэхжүүлэхийн тулд улс орон, үйл ажиллагаа, хүмүүсийг нэгтгэх нь, эрсдэлийг тодорхойлох ба үнэлэх, дэлхий дахины эрсдэлийн чиг хандлага гэх мэт 35 сэдэвчилсэн хуралдаан болж өнгөрлөө. 

Тохокугийн Их Сургуульд болсон сэдэвчилсэн хэлэлцүүлэгийн үеэр

Тус хурлаас “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндайгийн үйл ажиллаганы хүрээ 2015-2030”(Sendai Framework for Disaster Risk Reduction 2015-2030), хурлын үр дүнг нэгтгэсэн “ Сэндай тунхаглал”–ыг ( Sendai Declaration) батлан гаргалаа.

Тус баримт бичгийн гол зорилго нь, “Гамшгийн шинэ эрсдэл бий болохоос урьдчилан сэргийлэх, гамшгийн өртөнгө, эмзэг байдлыг бууруулахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, соёл, хүрээлэн буй орчны арга хэмжээг хэрэгжүүлэх замаар одоо байгаа гамшгийн эрсдлийг бууруулж,гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх” тухай юм.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндайгийн үйл ажиллаганы хүрээ 2015-2030”(Sendai Framework for Disaster Risk Reduction 2015-2030)баримт бичгийн тэргүүлэх чиглэлийг дараахь  байдлаар тодорхойлсон.

  • Гамшгийн эрсдлийг ойлгож таних;
  • Гамшгийн эрсдлийг бууруулахад засаглал, институцийг бэхжүүлэх;
  • Эдийн засаг, нийгэм, соёл, хүрээлэн буй орчны гамшгийн эсрэг чадавхийг бэхжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх;
  • Гамшгийн хор уршгийг арилгахад бэлэн байдлыг дээшлүүлэх, илүү сайн сэргээн босгох;

Мөн тус баримт бичгийг батлан гаргаснаар ирэх 20 жилд гамшгийн улмаас хүний амь нас эрсдэх байдал, ард иргэдийн аж амьдрал, олон нийт цаашлаад улс орны нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны үнэт зүйлст учрах хохирлыг бодитоор бууруулах ажээ. 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..