Нийтэлсэн өдөр: 2015.03.09, даваа
МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болж,ОУУЗУХСНХ ихээхэн анхаарал хандуулж байна. Улмаар холбооны зарим удирдлагууд нь хүрэлцэн ирж, хуулийн төслийг батлан хэлэлцэхэд Засгийн газрын зарим гишүүдтэй уулзалт зохион байгуулсан юм.
ОУУЗУХСНХ-ны Ази номхон далайн бүсийн дэд захирал Мартин Фаллер, Зүүн өмнөд Азийн бүсийн захирал София Стойменова, Ази номхон далайн бүсийн хөгжлийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Жон Гвин болон МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Хууль зүйн сайд Л.Дорлигжав, Гадаад хэргийн дэд сайд Н. Оюундарь нартай уулзлаа.
Шадар сайд У.Хүрэлсүх ОУУЗУХСН-ны үйл ажиллагаанд ихэд сэтгэл хангалуун явдгаа илэрхийлээд МУЗН бол тэрхүү байгууллагын нэгэн эд эс болж эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, гамшиг ослоос сэргийлэх, ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинг хангахад ажиллаж ирсныг онцлон тэмдэглэлээ.
Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар хамаардаг. Тиймээс Гамшгийн тухай хуульд хүмүүнлэгийн тусламжийн бүлэг заалт оруулж, үйл ажиллагааг уялдуулж байгаа тухай Шадар сайд танилцууллаа.
Өнөөдөр гамшиг осол дэлхий нийтийн анхаарлын төвд байж, хил хязгааргүй тэмцэлийг өрнүүлж байна. Тиймээс дэлхий нийтэд өргөн сүлжээтэй ОУУЗУХСНХ бол ихээхэн үүрэг хүлээдэг гэдгийг тэрбээр онцолсон. Мөн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, мэдээлэл мэдлэгийг түгээх буюу боловсролын талд түлхүү анхаарч ажиллаж байгаагаа хэлж байсан.
ОУУЗУХСНХ-ны Ази номхон далайн бүсийн дэд захирал Мартин Фаллер хэлэхдээ, төрдөө нэмэлт хүч болон ажиллах эрх үүргийн хуульчлан үйл ажиллагаагаа явуулдаг нийгэмлэгүүд хүчирхэг байж, хүмүүнлэгийн тусламж, үйл ажиллагаа тухайн улс оронд бодит үр дүнгээ үзүүлдэг жишиг бий. Тэр утгаараа МУЗН-ийн эрх зүйн байдлын хуулийн үзэл баримтлал, хүрэх үр дүн тодорхой буй учраас Монголын төр засгийн шийдвэр гаргагчидтай хамтран ажиллахыг хүсч байна. Бид Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Үндсэн хуульд нийцүүлэн Улаан загалмайн үндэсний нийгэмлэгийн загвар хуулийг Холбоо, хорооны дүрмийн хамтарсан хорооноос боловсруулж, улс орнуудын парламент , Засгийн газарт санал болгож байна гэв. У.Хүрэлсүх олон улсын энэхүү дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлээд хуулийг хэлэлцэн батлах үйл ажиллагааг Шадар сайдын хувьд дэмжин ажиллах болно гэв.
Хууль зүйн сайд Л.Дорлигжавтай мөн дээрх төлөөлөл уулзсан бөгөөд хуулийг хэлэлцэн батлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мартин Фаллер, Улаан загалмайн үндэсний нийгэмлэгийн статусыг шинэчилж, төрдөө нэмэлт хүч болж, туслах үүрэг хүлээж ажилладаг үндэсний хэмжээний хүмүүнлэгийн байгууллага мөн болохыг хуульчлан батлахын ач холбогдлын тухай хэлсэн юм.
Мөн үндэсний нийгэмлэгүүдийн чадавхийг бэхжүүлэхэд ОУУЗХороо, ОУУЗУХСНХолбоо, бусад үндэсний нийгэмлэгүүд харилцан бие биедээ туслах үүрэг хүлээдэг учраас МУЗН-ийн эрх зүйн шинэчлэл олон улсын байгууллагын анхаарлын төвд байгааг дурдсан юм.
Сайд Л.Дорлигжав хуулийн төсөлд Засгийн газраас санал авч, хууль хэлэлцэх үе шатууд бүрт анхаарал тавьж ажиллахаа илэрхийлээд УИХ-д өргөн барьж, улмаар батлуулахад хамтран ажиллахаа илэрхийллээ. Хүмүүнлэгийн үйл ажилагаанд төрийн үүрэг оролцоог тодотгож, МУЗН-ийн төрдөө нэмэлт хүч болон ажиллахыг хуульчлахын ач холбогдлыг ч сайд дэмжиж байгаа хэлж байв.
Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарьд хуулийн өөрчлөлтийн тухай танилцууллаа.
МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, хүмүүнлэгийн үйлсийн чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монгол Улсын Засгийн газраас хүлээсэн үүргийн дагуу МУЗН байгуулагдах онцлогийг ОУУЗУХСХ-ний дүрэм, үндсэн зарчимд нэн тэргүүнд нийцүүлсэн тухай танилцуулаад МУЗН-ийн эрх зүйн орчинг сайжруулахад Гадаад хэргийн яамны дэмжлэг чухал байгааг онцоллоо.
Мөн энэ оны 12 дугаар сард ОУУЗУХСХ-ний гишүүд болон Женевийн конвенцийн оролцогч талууд буюу Засгийн газрууд хооронд 4 жилд нэг удаа болох олон улсын Бага хуралд манай Засгийн газар болон МУЗН-ийн төлөөлөл оролцох юм. Энэхүү бага хуралд Засгийн газрын идэвхтэй оролцоог хангахад хамтран ажиллахыг чухлыг тэмдэглэсэн.
Мөн ирэх 6 сард болох Зүүн өмнөд азийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн зөвлөлдөх уулзалтыг МУЗН хүлээн авч зохион байгуулах юм. Тиймээс Гадаад хэргийн яамны дэмжлэг туслалцаа шаардлагатай агаад дэд сайд Н.Оюундарь зохион байгуулахад хамтран ажиллахыг хүссэн.
Дэд сайд, МУЗН-ийн хуулийн шинэчлэлд Гадаад хэргийн яамны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлээд олон улсын хуралд оролцох, зохион байгуулахад хамтран оролцох нь бидний үүрэг хэмээн хүлээж авсан. Тэрбээр хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд аливаа улсын гадаад бодлогын салшгүй хэсэг байх ёстой гээд ОУУЗУХСНХ-ны төлөөлөгчдөд хамтран ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм
Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа...