Нийтэлсэн өдөр: 2015.03.05, пүрэв
“Олон улсын хүмүүнлэгийн хууль ба МУЗН-ийн эрх зүйн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д зохион байгууллаа.
МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хууль 2000 онд батлагдснаас хойш цаг үеийн шаардлагаар зайлшгүй шинэчлэх хэрэгтэй болоод байна. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ийн шүүн ярилцаж, ирэх намрын чуулганаар УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Хуулийн төсөлд хууль тогтоогчид, хуульчид, улаан загалмайчдын үзэл бодол, байр суурь нэн чухал юм. Тиймээс хэлэлцүүлэгт МУЗН-ийн “Парламентын нөхөд” бүлгийн зарим гишүүд болон хуульчид, улаан загалмайчид зэрэг 60 гаруй хүмүүс оролцлоо.
Мөн ОУУЗУХСНХ-ны Ази, номхон далайн бүсийн дэд захирал Мартин Фоллер, тус бүсийн зохицуулагч Жон Гвин, Зүүн өмнөд азийн бүсийн захирал София Стойменова, Гамшгийн хөтөлбөрийн зохицуулагч Габриелла Эмери, Зүүн өмнөд Азийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч Мамбетов Бахтер нарын төлөөлөгчид ихээхэн ач холбогдол өгч хүрэлцэн ирж, хэлэлцүүлэгт оролцлоо. Фижи улсын УЗН-ийн Ерөнхий захирал Филип Найнока манай нийгэмлэгийн хуулийн төслийг хэрхэн хэлэлцэж буй туршлага судлахаар ирсэн юм.
МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд хуулийн төслийг танилцуулснаар хэлэлцүүлэг эхэллээ.
УИХ-ын гишүүн Г. Уянга, Ц.Оюунгэрэл, Д. Батцогт нар хэлэлцүүлэгт хуулийн төсөлд саналаа илэрхийлсэн.
Г.Уянга гишүүн хэлэхдээ, МУЗН бол анхны хүмүүнлэгийн сүлжээ байгууллага. Өөрөөр хэлбэл, хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулах далайц арга ажиллагаагаараа тэргүүлэх байгууллага гэдгийн онцлоод үйл ажиллагаа нь улам өргөжиж байгаа талаар үг хэллээ. Мөн тэрбээр, цаг үеийн өнөөгийн шаардлага буюу дэлхий нийтэд тохиолдож буй гамшиг осол, хүн төрөлхтний хөгжлийн хурд зэрэгтэй хүмүүнлэгийн үйл ажиллагаа нэгдэж, ажиллах арга замаа өөрчлөх хэрэгтэй гэсэн. Тэр тусмаа монгол орны өргөн уудам нутаг, цаг агаарын нөхцөл зэрэгт тохируулан хүмүүнлэгийн үйл ажиллагааны оролцоо, хамрах хүрээ өргөжиж байна гээд МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэл, хүмүүнлэг үйл ажиллагааг дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэр болно гээд хуулийн төслийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл МУЗН-ийн хуулийн хоёрдахь удаагийн хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо илэрхийллээ. Тэрбээр хуулийн төсөлтэй чамбай танилцаж тодорхой саналуудыг илэрхийлсэнд улаан загалмайчид талархаж байлаа. Тухайлбал, Улаан загалмай, Улаан хавирган сар гэх нэр томъёоны тодорхойлолт нэгдмэл байх ёстой авч зарим тохиолдолд тусдаа ойлголт мэт төсөлд тусгагдсан нь засах шаардлагатай байна гэв. Мөн зэвсэгт мөргөлдөөн гэж юуг хэлэх талаар төсөлд тусгах ёстой гэсэн. 2008 оны сонгуулийн дараахь үйл явдал шиг асуудлыг зэвсэгт мөргөлдөөний төрөлд оруулах уу. Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд халдсан энэхүү үйл явдалд Улаан загалмайн байгууллагын оролцоо маш чухал. Тиймээс хуулийн төсөлд тодорхойлолт чухал байгаа талаар саналаа дэвшүүллээ.
Д.Батцогт гишүүн хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулах зорилгыг хэрэгжүүлэхэд улаан загалмайчид ихээхэн үүрэг хүлээх ёстой гээд УИХ-ын байнгын хорооны даргын хувьд МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн ОУУЗУХСНХ-ны Ази, номхон далайн бүсийн дэд захирал Мартин Фоллер олон улсын жишиг, хөгжлийн шаардлагад МУЗН-ийн үйл ажиллагаа нийцэж ажиллах учраас хуулийн төслийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байна гэсэн. Мөн тэрбээр Засгийн газартаа нэмэлт хүч болон ажиллахад улс үндэстэн бүрийн нийгэмлэгүүдийн эрхэм үүрэг байх ёстой гээд хүн амын 70 гаруй хувийг эзэлдэг залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийг чухалчилж байв.
Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..