Нийтэлсэн өдөр: 2015.02.11, лхагва
Дугарын Адъяа гуай эдүгээ 96 насыг зооглож байна. Тэрбээр Монгол Улсын хамгийн ахмад донорын нэг юм. МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа түүний гэрт нь зочилж, хүндэтгэл үзүүлэн, МУЗН-ийн “Энэрэнгүй үйлстэн” одонгоор шагналаа.
Энэрэнгүй үйлстэн Д.Адъяа гуай тэртээ дэлхийн хоёрдугаар дайн эхлэх өдөр эмнэлэгт сувилагчаар ажилд орж байсан гэнэ. “Орос гүрэн рүү гитлерүүд тэнд дайрч байхад чи манай эмнэлэгт ирлээ дээ. Их л чухал цаг үед, зөв газраа ажилд орлоо” гэж эмнэлгийн дарга хэлж байсан тухай дурсамжаа тэрбээр хуваалцаж байсан. Тэгэхээр 1939 оноос хойш насаараа эмнэлэгт ажиллаж, улмаар донор болж олон хүний амь насыг аварсан буянтан юм. Өглөөнөөс үдэш хүртэл цагаан халадаа тайлалгүй ажиллаж байсан тэрбээр олон сайхан дурсамж, түүхийг сэтгэлдээ тээж ирсэн байна. Нэгэн өдөр байшингийн туйпуу нурж яг ар нуруугаар нь дайраад өнгөрсөн гэнэ. Тэр үед Д.Адъяа гуай дөнгөж төрсөн таван хүүхдийг тэргэн дээр түрээд явж байсан ажээ. Нялх хүүхдүүдийн заяа түшиж, эсэн мэнд үлдэж чаджээ. Хэдхэн хормын хооронд болсон тэрхүү явдлыг мартахын аргагүй. Тэрбээр энэ гашуун түүхээ ярихдаа хоолой чичрүүлэн байсан нь түүний сэтгэлд ямар их эмзэглэл, шаналал авчирсныг харуулж байна.
Эмнэлгийн сувилагч хүн донор байна гэдэг давуу тал ихтэй. Амь тулсан нөхцөлд олон хүний амь насыг аврах боломжтой шүү дээ. Тэрбээр төрөхийн хүндрэлээр амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан хэд хэдэн эхчүүдэд цусаа өгч амь насыг аварч байжээ . Энэмэтчлэн гэртээ төрчихөөд цус алдаад ирсэн эхээс эхлээд хятад хүнд хүртэл цусаа өгч байсан гэнэ.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, 1946 оны 11 сард Монголын Үйлдвэрчний төв зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоолоор буюу “Ударник” цол тэмдгээр шагнасан байна. Тухайн үеийн энэхүү Ударник бол өнөө цагийн Хөдөлмөрийн хүндэт медаль дайны хүндэт шагнал юм.
“Энэрэнгүй үйлст” донор Д.Адъяа гуай өнөөдөр үр хүүхэд, ач зээгээ тойруулан энх тунх сайхан амьдарч байна. Донор хүн урт насалж, эрүүл саруул аж төрдгийн жишээг тэрбээр харуулжээ. Эрхэм хүндэт Д.Адъяа гуайдаа “Зуу насалж, зургаадаа таяг тулаарай” гэж ерөөе.