МУЗН-ийн Ерөнхийлөгч Казахстаны элчин сайдтай уулзлаа

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Баян-Өлгий аймгийн  Улаан загалмай хорооны дарга  Х.Ертай нар Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Калимек Ковландинтай  уулзлаа.

Н.Энхболд өнөөгийн улс орны нийгэм, эдийн засгийн байдал хийгээд МУЗН-ийн үйл ажиллагааны талаар Элчин сайдад танилцуулсан юм. Тэр дундаа МУЗН-ийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа эмзэг байдалд буй монгол хүн бүрт хүрэхийн төлөө хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, халамж, эрүүл мэнд, гамшгийн менежментийн хөтөлбөр болон  хүүхэд залуучуудын хөдөлгөөний тухай танилцуулаад Казахстан Улсын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран ажиллах талаар санал тавьсан юм.

Элчин сайд Калимек Ковландин  хүмүүнлэгийн үйл ажиллагаа бол хил хязгаар, нас хүйс , шашин шүтлэг зэрэг ялгалгүйгээр өрнөж, улс үндэстэн бүхэн хамтран ажиллах нь зайлшгүй болохыг онцлоод хоёр улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Мөн ирэх сард манай парламентын зарим гишүүд Казахтсан Улсад айлчлах юм байна. Энэхүү айлчлалын хүрээнд хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцох учраас МУЗН-ийн төлөөллийг айлчлалын бүрэлдэхүүнд багтахыг хүсч байв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа МУЗН-т өрнөж байгаа өөрчлөлт шинэчлэлийн талаар танилцуулж, Монгол Улсын төрөөс баримтлах бодлого болон МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулагыг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа тухай танилцуулсан.

Баян-Өлгий аймгийн Улаан загалмай хорооны дарга Х. Ертай Улаан загалмай хорооны үйл ажиллагаагаа танилцуулж, хөрш орны Улаан загалмайн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Эрхэм Элчин сайд болон МУЗН-ийн Ерөнхийлөгч хоёр Улсын Улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн найрсаг уулзалт болов. 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа