Нийтэлсэн өдөр: 2015.01.23, баасан
Гамшгийн эмзэг байдлын хүчин чадлын үнэлгээг олон нийтийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх сургалтыг Азийн гамшгийн бэлэн байдлын хангах төвийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа нь онцлог юм.
МУЗН Азийн гамшгийн бэлэн байдлыг хангах төвтэй гурван жилийн хугацаанд хамтран ажиллахаар болж байна. Тус төв нь Банконгк хотод байрладаг бөгөөд Азийн бусад гурван оронд салбартай томоохон байгууллага ажээ.
Өвөрхангай, Төв аймгийн тус бүр хоёр сум болон нийслэлийн Баянгол дүүргийн гурван хороодын айл өрхүүдэд гамшгийн эрсдлийн хүчин чадлын үнэлгээг хийх учраас эдгээр газрын Улаан загалмайн хороодын ажилтнууд уг сургалтад суралцаж байна. Тэд энэхүү үнэлгээний аргачлалд суралцаад орон нутагтаа хэрэгжүүлэхээр бэлтгэгдэх юм.
Сургалтыг Гамшгийн менежментийн хөтөлбөрийн удирдагч Ш.Мөнгөнтуяа, Азийн гамшгийн бэлэн байдлыг хангах төвийн хөтөлбөрийн зохицуулагч Изриал П.Жежилос нар зохион байгуулж байна.
МУЗН бол гамшиг ослоос иргэдийг хамгаалах, даван туулахад иргэдэд хандсан олон үйл ажиллагааг зохион байгуулдаг туршлагатай байгууллага гэж үздэг учраас Азийн гамшгийн бэлэн байдлын төв ийнхүү хамтран ажиллаж эхлээд байна. Мөн энэ удаагийн сургалтаар уур амьсгалын өөрчлөлт, хотжилтын асуудлыг хамруулсан давуу талтай юм.
Тус төв манай ОБЕГ-тай өнгөрсөн жилээс хамтран ажиллаж эхэлжээ. Харин энэ жилээс МУЗН-тэй хамтран гурван байгууллагын хамтын ажиллагаа өрнөж байгаа юм.
Энэ сарын 28-нд Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдлийн бууруулах үндэсний хөтөлбөрийг батлах үйл ажиллагаанд ОБЕГ, МУЗН зэрэг байгууллагууд оролцоно.