Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
Завхан аймгийн УЗХ-ны сайн дурын идэвхтэн, Монголын хараагүй иргэдийн үндэсний холбооны Завхан аймгийн салбарын тэргүүн Д. Батжаргал бүсгүйгээрээ бариа засал, массаж, цэгэн бариа, толгойн бариа хийлгээгүй хүн Улиастай хотод тун цөөхөн.
Бага насандаа харааны бэрхшээлтэй болсон тэрээр Хараагүй иргэдийн холбооноос зохион байгуулсан “ВEST” массажийн төвд суралцан мэргэжилтэй болж, орон нутагтаа ирээд 2008 оноос эхлэн массажийн төв нээн хоёр харааны бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажилласан түүхтэй. Он цагийн шалгарлаар Д.Батжаргал бүсгүй ганцаараа үлдэж, олон түмэнд ач тусаа хайрлан ажилласаар найм дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.
Харааны бэрхшээлтэй иргэдийхээ ээж нь аав нь энэрэх үйлстэн болсон Батжаргал халамжлуулагч нарынхаа төлөө хөлөө хүрэх газар явж, тэдний өмнөөс өргөдлийг нь бичиж, түлээ түлшийг нь хөөцөлдөж, гудамжаар явах тэмтрүүлтэй таягыг олж өгч, улмаар тэмтрэн унших брайль үсгийн номыг нь хүртэл олоод өгчихдөг энэрэнгүй үйлстэн юм.
2014 оны зун аймгийн хүүхдийн Даян зусланд хөгжлийн бэрхшээлтэйгээс сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 10 гаруй хүүхдийг хамруулан бариа заслыг эмчийн хяналтанд дор хийж, өдөр тутмын үйлчилгээ үзүүлэн ажиллахдаа аав ээжүүдээс нь өндөр урмын үг сонсож, цаашид үр дүнг тооцон ажиллахаар болжээ.
Харааны болон сонсголын бэрхшээлтэй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд жирэмслэлт, төрөлттэй холбоотой сургалт мэдээллийг НҮБ ХАС-аас орон нутагт хэрэгжиж байгаа НҮЭМ-ийн төслөөр Халамжийн өргөөгөөр дамжуулан сургалт, мэдээлэл өгүүлж, гарын авлага материалаар хангаж, Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетаар үнэ төлбөргүй шинжилгээ өгүүлэхдээ жирэмслэлтээс хамгаалах шаардлагатай хэрэгслээр хангуулж амждаг байна.
Сайн дурын идэвхтэн Д.Батжаргал ярихдаа нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтдэг. Сайн дурын ажил бол хүний сэтгэлээсээ хийх ажил юм. Сэтгэлээсээ хийж байгаа ажилдаа хүн сэтгэл хангалуун байхаас гадна хэзээ ч ядарч сульддаггүй. Дуртай ажлаа сэтгэлээсээ хийж, нэг ч гэсэн хүнд тус дэм болох нь миний үүрэг, миний хариуцлага, тиймээс хийж байгаа ажлаараа бахархаж өөртөө итгэлтэй явдаг хэмээн хариулах энэ бүсгүйгээр бахархахгүй байхын аргагүй. Иймээс ч түүний хийсэн бүхнийг үнэлэн Олон улсын Сайн дурын идэвхтний өдрөөр 2014 оны “Шилдэг сайн дурын идэвхтэн”-ээр шалгаруулсныг дурдахад таатай байна.