София Стойменова: Та бүхэн бодлогын хөгжил, шинэчилсэн хөтөлбөртэй уялдуулсан жинтэй шийдвэрүүдийг гаргалаа

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

ОУУУЗУХСНХ-ны Азий номхон далайн зоны  хамтын ажиллагаа хариуцсан газрын дарга София Стойменоватай уулзаж ярилцлаа.

 

МУЗН-ийн  өнөөгийн хөгжлийн дүр төрхийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Юуны түрүүнд Үндэсний бага хурлыг дээд зэргээр зохион байгуулсан хатагтай Н.Болормаа, МУЗН-ийн бүх ажилтнуудад чин сэтгэлийн талархал илэрхийлж байгаагаа уламжилж байна. Дотооддоо туршлагаа солилцсон, оролцогч бүрт гайхалтай боломж олгосон, салбар зөвлөлүүд нь  нийгэмлэгийнхээ ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах маш чухал бодлогоо тодорхойлсон үр дүнтэй хурал боллоо гэж үзэж байна. МУЗН-ийн  75 жилийн ойн арга хэмжээнд оролцсон нь миний болоод хамтран зүтгэгчдийн маань хувьд нэр төрийн хэрэг бөгөөд та бүхний энэ хугацаанд хүрсэн ололт амжилт, зүтгэлээр бахархаж байгаагаа хэлмээр байна.

МУЗН тогтвортой хөгжилд хөтлөх томоохон алхамуудыг хийжээ. Тэдгээрийн дотроос МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулахаар ажиллаж байгаа болон байгууллагын хөгжлийн үнэлгээг хийх үйл явц шийдвэрлэгдэх шатандаа орж байгаа зэрэгт талархал илэрхийлье. Мөн энэ тухай  тайлангаа бүх хөдөлгөөнүүд, түншүүдтэйгээ хуваалцсан зэргийг онцлон тэмдэглэж байна. Бодлогын хөгжил, шинэчилсэн хөтөлбөртэй уялдуулсан жинтэй шийдвэрүүдийг Та бүхэн  гаргаж чадлаа.  Үндэсний  нийгэмлэгээ  хүчирхэгжүүлэх зорилго дор Үндэсний бага хурлыг зөвлөлдөх уулзалт, бодлого боловсруулах форум болгосон арга барил нь гүн сэтгэгдэл төрүүлснийг хэлэхгүй өнгөрөх аргагүй.

-  Бүс нутгуудийн Үндэсний нийгэмлэгүүдтэй  МУЗН-ийн үйл ажиллагааг харьцуулбал хэрхэн тодорхойлох бол?

-Аль ч улсад үйл ажиллагаа явуулж буй нийгэмлэг өөрийн гэсэн онцлогтой. Явуулж буй үйл ажиллагаагаараа олны хүндлэлийг хүлээж байдаг. Үндэсний нийгэмлэг бүр  өөрийн  салбаруудаараа дамжуулан орон даяар гамшигт өртсөн эмзэг бүлгийн хүмүүст хэрэгтэй тусламж үйлчилгээг нь үзүүлснээр нийгэмлэгээ төдийгүй нийгэмлэгүүдийн холбоогоо хүчирхэгжүүлж байдаг. МУЗН-ийн удирдлагууд, тэдний цаашдаа ихийг бүтээх чадвар, басхүү өндөр хариуцлага нь цаашдаа улам ихийг бүтээх, улам өндрөөр үнэлэгдэх түлхүүр болно гэж итгэж байна.

Түүнчлэн байгууллагын бие даасан байр сууриа бэхжүүлж, ололт амжилтаа бататган Засгийн газрын болоод орон нутгийн түншүүдийн дэмжлэгийг авч чадсан, хувийн хэвшил болоод хэвлэл мэдээллийн түншлэлийг бэхжүүлсэн, эмзэг бүлгийн иргэдэд үр дүнтэй тусламж үзүүлэх дотоодын дэмжлэгийг нэмэгдүүлсэн гээд амжилттэй хэрэгжүүлсэн ажлууд ар араасаа үргэлжилж байна. Хүчирхэг салбаруудыг бий болгох, хүний нөөцийг зохистой бүрдүүлж, санхүүгийн дэвшлийг бий болгох нь үр дүнд хүргэх давуу тал юм.

Тус нийгэмлэгийн  нийгэмд чиглэсэн үйлчилгээ, гамшигт өртсөн эмзэг бүлгийн иргэдэд тусламж үзүүлж буй ажил эгч дүү нийгэмлэгүүдэд урам зориг нэмнэ гэж бодож байна.

- Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн салбарт харьяалагддаг МУЗН-ийн  тогтвортой хөгжлийн бодлогын хэтийн төлөвийг та хэрхэн харж байна вэ.

-Ази, Номхон далайн бүсийн орнуудын Улаан загалмай нийгэмлэгүүд магадлан итгэмжлэгдэх /OCAC process/ үйл явцад оролцон, тэдгээр нь амжилттай шийдэгдэж байгаа нь нааштай мэдээ байна.  2014 оны аравдугаар сард Бээжинд болсон Ази, Номхон далайн бүсийн есдүгээр чуулга уулзалтын үеэр нэгэн чухал баримт бичгийг баталсан нь “Бээжингийн уриалга” байлаа. Чуулга уулзалтад оролцсон Үндэсний нийгэмлэгүүдийн удирдлагууд ирэх ирэх дөрвөн жилд 10 үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар сая болж өнгөрсөн Үндэсний чуулга уулзалтын үеэр танилцуулах боломж олдсонд талархаж байгаа. Мэдээж хэрэгжүүлэх арга хэмжээнүүд бүс нутгийн хэмжээний бүхий л үндэсний нийгэмлэгүүдийн хувьд маш чухал юм.

-  Монголд ирээд цөөхөн хоносон. Энэ хугацаанд төрсөн сэтгэгдлээ хуваалцахгүй юу? 

-МУЗН-ийн  75 жилийн ой, тус нийгэмлэгээс зохион байгуулсан Үндэсний бага хурал зэрэг чухал арга хэмжээнд оролцсондоо их баяртай байна. Үндэсний нийгэмлэгийн албан хаагчид, залуу үеийнхэн, гишүүд дэмжигчдийн явуулж буй үйл ажиллагааг гайхалтай гэж хэлнэ. Танай улсын Улаан загалмайн нийгэмлэгийн ирээдүйн хөгжлийг би тун эерэгээр харж байгаа. Халуун дулаанаар биднийг угтан авсан, салбар хороодоор зочилсон, эмзэг бүлгийн хүмүүс, нийгэмд чиглэсэн хөтөлбөрүүдтэй танилцсан нь маш чухал зүйл байлаа. Малчин айлд зочилсоноо, болон угтан зочилсон тэр хүмүүсийг би хэзээ ч мартахгүй.

- Та өөрийн  Улаан загалмайн нийгэмлэгтэй амьдралаа холбосон түүхээ хуваалцаач?

- Миний хувьд нийгмийн эрүүл мэндээр мэргэшсэн эмч хүн. Миний түүх гэвэл их энгийн. Би Улаан загалмайн хөдөлгөөнийг дэмжин ажилласан энэ он жилүүдэд олон оронд, олон соёл, хүмүүсийн дунд ажиллах хугацаандаа гайхалтай сайн дурын дурын ажилтнууд, албан хаагчид, хамт олонтой таарсан азтай хүн гэдгээ хэлэх ёстой. Тэднээс маш их зүйлийг сурч, тэр хэрээр хөглөгдөж явсан хүн. Би дэлхийн хаана ч биднийг нэгтгэдэг, хамтдаа гэртээ байгаа юм шиг ажиллаж, ач холбогдол, үр шимийг нь харж байдаг улаан загалмайн зарчим, бодлогод итгэдэг, дэмждэг. Би улаан загалмайн залуу дэмжигч, сайн дурын ажилтнаас гараагаа эхлэн өөрийн улсын үндэсний нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга болтлоо ажилласан. Одоо бол Улаан загалмайн нийгэмлэгүүдийн холбооны Куала Лумпур дахь Ази, Номхон далайн бүсийн багт ажиллаж байна.

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа