“ХҮМҮҮНЛЭГИЙН АЛТАН ОД” ОДОНГООР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Г.БОЛОРЫГ ШАГНАВ

Нийтэлсэн өдөр: 2024.06.07, баасан

МУЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болорыг “Хүмүүнлэгийн Алтан Од” одонгоор шагнасныг Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа гардууллаа.
“Хүмүүнлэгийн Алтан Од” одонг МУЗН-ийн Ерөнхийлөгчийн тушаалаар олгодог бөгөөд Олон улсын Хүмүүнлэгийн эрх зүй, 1949 оны Женевийн конвенц, түүний 1977 оны нэмэлт хоёр протокол, Монгол Улсын Үндсэн хуулийн хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах тухай заалт, МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хууль, төрийн хүмүүнлэгийн бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан дотоод, гадаадын иргэнд олгодог МУЗН-ийн дээд шагнал юм.
Г.Болор нь 2022 онд Монгол Улсынхаа анхны эмэгтэй генерал болсон.
Тэрээр НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор хоёр удаа, НҮБ-ын төв штабын удирдах албан тушаалд Монгол Улсаас анх удаа томилогдон ажилласан бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх төдийгүй хүмүүнлэг, энэрэнгүй үйлс, эх оронч үзлийг хүүхэд, залууст түгээн дэлгэрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж буй нийгмийн идэвхитэй зүтгэлтэн юм.