Бахтиар Мамбетов: МУЗН бие даасан хэлбэрээр санхүүжилт босгох нь чухал асуудал

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Олон Улсын Улаан Загалмай ба Улаан Хавирган Сар нийгэмлэгүүдийн холбоо, Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын Зүүн Азийн бүсийн хөгжлийн асуудал хариуцсан төлөөлөгч Бахтиар Мамбетовтой ярилцлаа.

-МУЗН-ийн 75 жилийн ой тохиож байна. Олон улсын төлөөлөгчөөр ирсний хувьд нийгэмлэгийн өнөөгийн нөхцөл байдлын тухай өөрийн бодлыг хуваалцахгүй юу? 

-Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн 75 жилийн ойн баярт хүрэлцэн ирсэндээ баяртай байна. МУЗН-ийн хувьд шилжилтийн үе таарсан нь онцлогтой. Үүнтэй холбоотой энэ байгууллагад орж ирэх хөрөнгө оруулалт өмнөх үетэй харьцуулахад буурч байгаа. Тиймээс байгууллагынхаа үйл ажиллагааг тогтвортой авч явах, бие даасан байдлаа хангаж, санхүүгээ дотооддоо зохицуулах сорилтыг даван туулах шаардлагатай болж байна. Тэгэхээр олон нийтэд тулгуурласан эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бие даасан хэлбэрээр санхүүжилт босгох нь том асуудал юм. 

-Санхүүгийн байдлаа дээшлүүлэхийн тулд хөрөнгө арвижуулах чиглэлээр багагүй ажил хийж байгаа. Таны бодлоор өөр ямар ажил хийх хэрэгтэй бол?

-МУЗН олон дунд шатны хороотой. Зарим дунд шатны хороо өргөн хүрээнд төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь хөрөнгө арвижуулж санхүүжилт босгоход чамлахааргүй амжилтыг үзүүлж байгаа. Харин зарим хорооны хувьд нэлээд сул ажилладаг. МУЗН санхүүгийн тогтвортой орлоготой болохоор олон ажил хийж, цөөнгүй оролдлого хийж байгаа. Тэдний нэг нь Засгийн газраас санхүүжилт авдаг болох явдал. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт Улаан загалмайд зориулсан тодорхой хэмжээний мөнгийг оруулах оролдогыг хийж байгаа. Гадны бусад улс оронд Улаан загалмайн нийгэмлэгт Засгийн газраас нь дэмжлэг үзүүлдэг. Харин МУЗН өөрсдийн хүч, нөөц болоолцоогоо ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй. Жишээ нь, уул уурхайн томоохон компаниудтай хамтарч тэднээс дэмжлэг авах боломж бий.

-Нийгэмлэгээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Хөгжиж улс оронд эдийн засаг хөгжихийн хэрээр зарим хүний амьдрал дээшилдэг. Нөгөө талаар олон хүний амьдрал доройтдог талтай. Тэгэхээр Улаан загалмайчууд нийгмийн эмзэг бүлгийнхэнтэй илүү ойр ажилладаг. Хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр дүн сайн байгаа. Мөн үйл ажиллагаа нь өдрөөс өдөрт өргөжиж байгааг харах таатай байна. -Монгол Улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн дийлэнхи нь олон улсын байгуулагуудын дэмжлэгтэйгээр явагддаг. Гэхдээ зөвхөн олон улсын байгууллагын санхүүжилт, дэмжлэгийг хүлээх бус монголчууд бие биенээ тусалж, дэмждэг байх хэрэгтэй юм. Үүний тулд дээр хэлсэнчлэн бизнесийн байгууллагууд, аж ахуй нэгж эрхлэгчдэд үйл ажиллагааны чиглэл, хүнлэг энэрэнгүй үйлсийг ойлгуулж, дэмжлэг авах түвшний ойлголтыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллабал үр дүнгээ өгнө гэж боддог.   

-МУЗН-ийн шинэчлэлийн бодлогын тухайд ямар бодолтой байгаа вэ?

-МУЗН энэ жил олон ажил хийж хэрэгжүүлсэн. Тухайлбал, Удирдах зөвлөл шинээр сонгогдож, нийгэмлэгийнхээ дүрмийг шинэчилсэн нь бие даасан үндэсний нийгэмлэг болох анхны алхамууд юм. Эдгээр шинэчлэлийг сайн хийсэн. Тиймээс олон улсад баттай хүлээн зөвшөөрөгдөж, дараа дараагийн үйл ажиллагаа амжилттай болох суурийг тавьсан гэж дүгнэж байна. Мөн хөтөлбөрүүдийн бүтэц өөрчлөгдсөн зэрэг нь эерэг өөрчлөлт үр дүнг авчирна гэж бодож байгаа. Цаашид одоо хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог илүү сайжруулах мөн орлогын эх үүсвэртэй болох зайлшгүй шаардлагатай.

-75 жилийн ойд зориулан “Шинэчлэлийн төлөө” хэмээх зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтаас гарах үр дүнгийн тухай ямар бодолтой байгааг тань сонирхож болох уу?

-МУЗН 75 жилийн түүхэнд хүрэхийн тулд маш олон огцом өөрчлөлтийг даван туулсан. Учир нь, социалист системээс нээлттэй нийгэмд шилжих үед бүх зүйл өөрчлөгдөж энэ байгууллага шинэ бүтцээр ажиллах шаардлага гарсан. Тэр үед гадны донор байгууллагууд болон Олон улсын нийгэмлэгүүд дэмжиж ирсэн байдаг. Харин одоо буюу хоёр өдөр үргэлжилсэн зөвлөлдөх уулзалтаас “Стратеги 2020” хөтөлбөрийн дагуу тавьсан зорилгодоо хүрэх, мөн ирэх таваас 10 жилд хийхээр зорьсондоо хүрэхийн тулд эрчимтэй ажиллаж зөв замаар яваасай гэсэн бодол, хүлээлттэй байгаа. Мөн нийслэл болон орон нутгийн Улаан загалмайн дунд шатны хорооныхонд зориулсан сургалт маш сайн болсныг онцолмоор байна. Ямар чиглэлд хэрхэн анхаарч ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал нэгтгэж дүгнэсэн. Тэгэхээр сургалтаас сурч мэдсэн зүйлээ хороо бүр ажил хэрэг болгох нь МУЗН-ийн цаашдын хөгжил, чиг хандлагыг тодорхойлоход чухал нөлөөтэй. 

Д.Одончимэг

Хүмүүнлэгийн үйлсийн төлөө хамтдаа