СУРГАЛТАД ХЭНТИЙ АЙМГИЙН 8 СУМЫН САЙН ДУРЫН ИДЭВХТНҮҮД ХАМРАГДАЖ БАЙНА

Нийтэлсэн өдөр: 2024.06.06, пүрэв

Австралийн Улаан Загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Монголын улаан загалмай нийгэмлэгээс Зүүн бүсийн 3 аймагт зоонозын өвчлөлийн эрсдэлийг бууруулах, идэвхитэй тандах, мэдээлэх, олон нийтийг татан оролцуулах, сургалт, сурталчилгаа хийх, мэдлэг, хандлага, дадлыг нэмэгдүүлэх, эрт сэрэмжлүүлэх зорилго бүхий “Олон нийтийн оролцоонд тулгуурлан зоонозын халдварт өвчнийг эрт мэдээлэх, тандах” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд үйл ажиллагааны явцын хяналт, үнэлгээ болон Хэнтий аймгийн сайн дурын идэвхитэн, багийн ахлагч нарыг чадавхижуулах “Олон нийтийн оролцоонд тулгуурлан зоонозын халдварт өвчнийг эрт мэдээлэх, тандах” сургалтыг 06 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад Өмнөдэлгэр, Баян-Овоо, Мөрөн, Баянхутаг, Жаргалтхаан, Норовлин, Биндэр, Батноров зэрэг сумдаас бэлтгэгдсэн 70 гаруй сайн дурын идэвхтэн, багийн ахлагч нар хамрагдаж байгаа юм.

МУЗН нь 2023 онд Эрүүл мэндийн яамны харьяа Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах Санамж бичгийг байгуулж,  төслийн эхний хоёр удаагийн сургалтад тус төвийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулан мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлсэн.

Нийт төсөл хэрэгжиж буй 3 аймгийн 26 сумын 225 сайн дурын идэвхтнийг сурган бэлтгээд байна.