“АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийтэлсэн өдөр: 2024.06.05, лхагва

Олон улсын улаан загалмай хороо (ОУУЗХ), Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) нь хамтран 6 дугаар сарын 1-5 ны өдрүүдэд Ази-Номхон далайн бүсийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ахисан түвшний сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад бүс нутгийн Монгол Улс, БНХАУ, БНСУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Филиппин, Вьетнам зэрэг улс орнуудын Засгийн газар, үндэсний нийгэмлэг, судалгааны хүрээлэнгийн нийт 20 гаруй төлөөлөгч оролцов.
Сургалтын зорилго оролцогчдын олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ойлголтыг дээшлүүлэх, тус салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, эрх баригчид, судлаачид бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг хэрэгжүүлэх, сурталчлах, хөгжүүлэхэд чиглэлээ.
Мөн тус сургалт нь зэвсэгт мөргөлдөөний төрөл, дайны үеэр хорих, далай, тэнгист дайн өрнүүлэх, ердийн зэвсэг, кибер орчинд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг хэрэгжүүлэх гэх мэт бүс нутагт ач холбогдол бүхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм.
Олон улсын улаан загалмай хороо нь 1949 оны Женевийн Конвенцуудад заасны дагуу хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрхэлдэг төвийг сахисан, шударга, бие даасан байгууллага бөгөөд дэлхийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн болон хүчирхийллийн бусад нөхцөл байдлын хохирогчдын амь нас, нэр төрийг хамгаалж, тэднийг зовлон зүдгүүрээс ангижруулах хүмүүнлэг, энэрэнгүй ажлыг дэлхий дахинаа Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний нийгэмлэгүүдтэй хамтран гүйцэтгэдэг байгууллага юм.
Ази-Номхон далайн бүсийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ахисан түвшний сургалт нь Женевийн Конвенцуудын 75 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болж байна.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Н.Болормаа, сургалтын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Монголын улаан загалмай нийгэмлэг нь Женевийн Конвенцыг баталсны 75 жилийн ойн хүрээнд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн долоо хоногийг зохион байгуулна” хэмээн мэдэгдсэн.
ОУУЗХ-ны Зүүн Азийн бүсийн Төлөөлөгчийн газрын дэд дарга Борис Келечевич, "Энэхүү ахисан түвшний сургалт нь оролцогчид хоорондоо шинэ санаа, харах өнцгөө солилцох тавцан" гэдгийг онцолсон юм. Мөн Борис Келечевич хэлсэн үгэндээ,“Энэ төрлийн бүсийн арга хэмжээнүүд нь өөр салбарт хүчин зүтгэдэг хүмүүсийг нэгтгэж, тэднийг нэг нэгнээсээ суралцаж, хүмүүнлэгийн хууль, бодлогын талбарт хамтран ажиллах боломжийг олгодог” хэмээн онцолсон юм.
“Ази-Номхон далайн бүсийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ахисан түвшний сургалт” нь ОУУЗХ-ны хамгийн томоохон сургалтын нэг бөгөөд, 2006 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн сургалт цар тахлаас хойш олон улсад зохион байгаа анхны сургалт бөгөөд ОУУЗХ-ны олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн чадамжийг сайжруулж, сурталчлах зорилготой юм.