Нийтэлсэн өдөр: 2024.05.27, даваа
Монголын улаан загалмай нийгэмлэгийн үүсч байгуулагдсаны түүхт 85 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд тус нийгэмлэгээс Улаан загалмайчдын багаар ажиллах, харилцан бие биенээ дэмжих, ур чадвар, туршлагаа солилцох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны найрсаг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор Ерөнхий нарийн бичгийн даргын газар, бүх дунд шатны хорооны төлөөлөл, удирдах зөвлөлийн гишүүд, ажилтнуудын дунд Урлаг, спортын их наадмыг Өмнөговь аймгийн Даланзадгад 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Наадамд ЕНБДГ-ын "Хүмүүнлэг", нийслэлийн I бүсийн "Нэгдмэл", II бүсийн "Шударга", Хойд бүсийн "Энэрэнгүй”, Баруун бүсийн "Төвийг сахих", Зүүн бүсийн "Бие даах", Төвийн бүсийн "Сайн дурын", Өмнөд бүсийн "Түгээмэл" багийн 120 гаруй тамирчин төлөөлөл оролцлоо.
Оролцогч багууд урлагаар дамжуулан улаан загалмайчдын ажил үйлс, онцлог, хүмүүнлэг үйлсийг сурталчилсан "Хүмүүнлэг дэлхий" сэдэвт урьдчилан бэлтгэсэн видео бичлэгийг сонирхуулсан юм.
Шүүгчдийн нэгдсэн дүнгээр 138 оноогоор Хойд бүсийн "Энэрэнгүй" баг тэргүүлж, баруун бүсийн "Төвийг сахих" баг 133 оноогоор удаалан ЕНБДГ- ын "Хүмүүнлэг" баг 132 оноогоор гуравдугаар байрт шалгарав.
Харин спортын олон төрөлтийн тэмцээнийг теннис, 100 буудалт даам, дартс, хөзөр, сагс, гар бөмбөг гэсэн төрлөөр зохион байгуулж, Ерөнхий нарийн бичгийн даргын газар, нийслэлийн бүс I, II баг, баруун, хойд, зүүн, өмнөд, төвийн бүсийн баг тамирчид хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.
Наадамд оролцогч баг, тамирчдын урлаг, спортын төрөлд үзүүлсэн амжилт, байр эзэлсэн байдлаар нэгдсэн дүнг гаргасан юм. НЭГДСЭН ДҮНГЭЭР: Тэргүүн байрыг Б.Отгонбаяр ахлагчтай Хойд бүсийн "Энэрэнгүй" баг эзэлж, Алтан цом хүртлээ.
Дэд байрт Д.Гантулга ахлагчтай Баруун бүсийн "Төвийг сахих" баг удаалж, Мөнгөн цомын эзэд болсон бол гуравдугаар байр буюу Хүрэл цомыг Т.Баярчимэг ахлагчтай Ерөнхий нарийн бичгийн даргын газрын "Хүмүүнлэг" баг хүртлээ.