МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн өдөр: 2024.05.08, лхагва



Эрхэм Улаан загалмайчид, сайн дурын гишүүд дэмжигчид, Монгол орон даяр хүмүүнлэгийн үйлсийг түүчээлэн ажиллаж байгаа хүмүүнлэгийн элч Та бүхэнд Монголын Хүмүүнлэгийн өдрийн мэндийг хүргэе.

Улаан загалмайчид бид, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, олон нийтийн даван туулах чадварыг сайжруулахад анхаарлаа хандуулж, өөрсдийн хувь нэмрээ оруулахад хичээн ажиллаж байна.

2023-2024 он бидний хувьд байгалийн гамшигтай нүүр тулсан хүндхэн жил болж байна.

Нийт нутгийг хамарсан зудын гамшиг, өвөлжилт, хаваржилтын хүндрэл, цасан болон шороон шуурганд өртсөн малчид, иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй шуурхай хүргэж, хариу арга хэмжээ авахад бид төрдөө дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөөс  үүдсэн гамшиг, түүний хор хохирол, үр дагавар нь бидэнд  цаашид, дасан зохицох, даван туулах, сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлж ажиллахыг шаардаж байна.

Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүчин чадлыг бэхжүүлэх, байгалийн гамшгийн үед эмзэг бүлгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй хүргэж, монгол хүний амьжиргааг дэмжин хамгаалахад үнэлж баршгүй тусламж, дэмжлэг үзүүлж байгаа гадаад улс орнууд, Олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, нийт иргэддээ гүн талархал илэрхийлье.  

Энэ цаг үед ч хүмүүнлэгийн тусламжийг монгол орны өнцөг булан бүрт шуурхай хүргэхээр шамдан ажиллаж байгаа нийт улаан загалмайчид, хүмүүнлэгийн андууд Та бүхэндээ Хүмүүнлэгийн өдрийн мэндийг дэвшүүлж, хүмүүнлэгийн эрхэм үйлсэд тань амжилт хүсье.

Хүмүүнлэгийн төлөө хамтдаа

 

                                          Монголын улаан загалмай нийгэмлэгийн

                                          Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа