Нийтэлсэн өдөр: 2014.11.20, пүрэв
Монголын Улаан загалмай нийгэмлэг 75 жилийн ойгоо тэмдэглэлээ. Анх 1939 онд Халхын голын дайны талбарт шархдагсдад цусаа бэлэглэх, асран сувилах зэрэг анхны тусламж үзүүлснээр МУЗН-ийн үндэс суурь тавигдсан түүхтэй. Тэр цагаас хойш МУЗН монголын ард түмний эрүүл энх, аюулгүй, амар тайван амьдрах нөхцөл бололцоог хангах хүмүүнлэгийн үйлсэд тасралтгүй 75 жил зүтгэж ирсэн байна.
МУЗН-ийн 75 жилийн ойн үйл ажиллагаанд МУЗН-ийн Дунд шатны хорооны дарга ажилтнууд хийгээд үе үеийн ерөнхийлөгч, дарга нар оролцсон юм. Мөн Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны болон үндэсний нийгэмлэгийн төлөөлөгч кэрэг 10 гаруй хүн хүрэлцэн ирлээ. Хөрш залгаа хамтран ажилладаг Манжуурын Улаан загалмайн төлөөлөгчид ойн баярт ирж оролцлоо.
Ойн арга хэмжээнээс гадна Үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалт бол МУЗН-ийн шинэчлэл, хөгжлийн төлөөх бодлогыг тодорхойлоход нэн чухал юм.
Бодлого, үйл ажиллагааг тодорхойлох таван өртөө хэлбэрээр бүтэн өдрийн турш бодлогын баримт бичгүүдээ хэлэлцлээ.
Үндэсний нийгэмлэгийн бие даасан, хараат бус бүрэн бүтэн байдал болон аюулгүй байдлын болон эрсдэлийн менежмент, Хүүхэд залуучуудын хөдөлгөөнийг дэмжих бодлого болон сайн дурынхны хөгжил, Хүний нөөцийн бодлогын хөгжил, Дунд шатны хорооны тогтвортой хөгжил, Санхүүгийн болон нөөцийн менежмент болон орлого нэмэгдүүлэх, хөрөнгө арвижуулах бодлого, Анхан ба Дунд шатны хорооны бүтэц, зохион байгуулалт гэсэн бодлогын өртөөнүүдийн зохион байгуулсан хэлэлцүүлгийн дагуу хөгжлийн бодлогыг тодорхойлсон байна.
Тухайлбал, Дунд шатны тогтвортой хөгжихийн тулд тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцсэн байна. Дунд шатны хорооны хөгжлийн түлхүүр бол өөрийн гэсэн байртай байх, хүний нөөцийн бодлогоо оновчтой хэрэгжүүлэх, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, төр болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцолсон байна. Ингэснээрээ тогтвортой дунд шатны хорооны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж чаджээ.
Үндэсний зөвлөлдөх уулзалтын үр дүнг хэлэлцсний дараа ойн арга хэмжээ эхэлсэн. Ойн арга хэмжээг нээж МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд үг хэллээ.
Тэрбээр МУЗН нь олон нийттэй ажиллах шинэ арга хэлбэрийг нэвтрүүлэх, сайн дурынхны эгнээг өргөжүүлэх, хөгжлийн хөтөлбөрүүдийг олон нийтийн оролцоонд тулгуурлан, хэрэгжүүлэх, өсвөр үеийнхэнд чиглэсэн бодлого, стратегиа тодорхойлох, Хүүхэд залуучуудын оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх, гамшгийн менежмент, эрсдлийг даван туулах чадвараа сайжруулах, олон талт түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, санхүүгийн хүчин чадлаа бэхжүүлэх, бүх шатны үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгоход бидний цаашдын гол анхаарал чиглүүлэх тухай онцолж хэлсэн юм.
Зураг 1.1 - Нээлт
Ойн арга хэмжээний үеэр “Миний Улаан загалмайн түүх “ хэмээх 2 сарын аяныг дүгнэсэн юм. Энэ хугацаанд Дунд шатны хороодоо ажил, үйлсээрээ Дорнод аймгийн Улаан загамлайн хороо хошуучилж нэгдүгээр байр эзэллээ. “Миний Улаан загалмайн түүх “ хэмээх 2 сарын аяныг дүгнэсэн юм. Энэ хугацаанд Дунд шатны хороодоо ажил, үйлсээрээ Дорнод аймгийн Улаан загамлайн хороо хошуучилж нэгдүгээр байр эзэллээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг болон Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хороод хоёрдугаар байрыг эзэлсэн юм. Харин гуравдугаар байрт Увс, Орхон, Төв аймгийн Улаан загалмайн хороод шалгарсан. Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, болон нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Төмөр замын Улаан загалмайн хороод шагналт байрын эзэд болов.
МУЗН-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр “Энэрэнгүй үйлстэн” одонг шинээр бий болгосон юм. Энэхүү одонгийн номер нэгээр хүмүүнлэгийн салбарт 32 жил ажилласан Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Д. Цэрэнсодномыг шагнасан юм. Мөн МУЗН-ийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Улаан загалмайн хорооны дарга асан Д.Мөнхөө, Ерөнхийлөгч асан Л.Одончимэд, гадаад харилцаа эрхэлсэн орлогч дарга асан З. Жадамба нарын 11 хүнийг хүмүүнлэгийн төлөөх зүтгэлийг үнэлж, “Энэрэнгүй үйлстэн” одонгоор шагнаж урамшууллаа.
Ойн баярт зориулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Дархан-Уул аймгийн бяцхан бүжигчид болон Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний цоглог залуучууд дуу хуур, бүжиг наадмын мэндчилгээ дэвшүүлсэн нь олны талархалыг хүлээсэн юм.
Мөн 75 жилийн ойд зориулж бүтээсэн “Миний Улаан загалмайн түүх” баримтат киног үзэж сонирхлоо.