БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Нийтэлсэн өдөр: 2024.02.05, даваа


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас зудын нөхцөл байдал хүндэрсэн Архангай, Дорнод аймгийн малчдад хүмүүнлэгийн тусламж хүлээлгэн өгөх арга хэмжээ 2024 оны 02 дугаар сарын 5-ны өдөр боллоо.

Арга хэмжээнд БНХАУ-ын Элчин Сайд Шэнь Миньжуань, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Архангай аймгийн Засаг даргын орлогч  Б.Санжмятав, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын дарга Ш.Мөнгөнтуяа болон бусад албаны хүмүүс оролцсон юм.  

Хүмүүнлэгийн тусламжийг Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Санжмятав, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий нарт гардуулан өгөв. 

 

Энэ үеэр БНХАУ-ын Элчин Сайд Шэнь Миньжуань Энэ жил Монгол улсын хэмжээнд зудын нөхцөл байдал хүнд байгааг сонсоод БНХАУ болон БНХАУ-ын Элчин сайдын яамнаас тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Энэхүү тусламжийг Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан Архангай, Дорнод аймагт тус бүр 100 малчин өрхөд тусламж үзүүлэх юм. Уг хүмүүнлэгийн тусламж малчдыг цасан шуургыг даван туулахад нь дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. БНХАУ-ын Элчин сайдын яам Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн. Энэхүү хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттайгаар хамтран ажиллах болно” хэмээн онцолсон юм.