Нийтэлсэн өдөр: 2023.12.05, мягмар
Өнөөдөр Олон улсын сайн дурынхны өдөр тохиож байна. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1985 оноос тэмдэглэж ирсэн билээ. Энэ өдөрт зориулан Монголын улаан загалмай нийгэмлэг, Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ, Дэлхийн зөн Олон улсын байгууллага, Дэлхийн зөн Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран "Сайн дурынхны хүч" форум зохион байгууллаа.
Форумд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын улаан загалмай нийгэмлэг, Монгол Улс дахь НҮБ болон Энх тайвны корпус зэрэг байгууллагын удирдлага, сайн дурын идэвхтнүүдийн төлөөлөл оролцов. Энэхүү Форумын гол зорилго нь Монгол Улсын сайн дурын үйл ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулж буй хүүхэд хамгаалал, залуучуудын сайн дурын үйл ажиллагааны туршлага арга зүйг шийдвэр гаргагчид, олон нийт, сайн дурынханд танилцуулах замаар олон улсын сайн дурынхны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, Монгол улс Сайн дурын ажилтны тухай бие даасан хуультай болох талаар хэлэлцсэн юм.
Энэ удаагийн форумд мөн хүүхэд хамгааллийн асуудалд төвлөрч, үүнд орон нутгийн иргэдийн оролцоог хангах талаар хэлэлцэн залуучуудын сайн дурын ажлын удирдлага, зохион байгуулалт, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар ярилцаж, талууд санал бодлоо хуваалцсан юм.