Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
Үндэсний зөвлөлдөх уулзалтын сургалтууд 11 дүгээр сарын 10-14-ны хооронд зохион байгуулагдаж байна. Дунд шатны хорооны дарга нар зориулсан Дунд шатны хорооны хөгжлийг дэмжи төсөвлөлт, төлөвлөлтийн аргачлал, байгууллагын хүчин чадлын үнэлгээний сургалтууд явагдаж байна.
Эдгээр сургалтуудад Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Ази номхон далайн бүсийн төлөөлөгчийн газрын байгуулагын хөгжил ба сайн дурынхны асуудлаарх төлөөлөгч Алекс Торрес, төлөөлөгчийн газрын ажилтан Юан нар оролцож байна.
Мөн Дунд шатны хорооны арга зүйч, нягтлан бодогч нарт зориулж “Тендерт оролцох ур чадвар” , “Санхүүгийн менежмент” гэсэн сургалтуудыг зааж байна.
Дунд шатны хорооны хөгжлийн сургалтын нээлтийн үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон Алекс Торрес нар үг хэлсэн юм.
МУЗН нь байгууллагын хөгжлийн чиглэлээр өнгөрсөн 6 дугаар сараас эхлэн хоёр удаагийн сургалтыг Дунд шатны хороодтой хамтран зохион байгуулсан.
Шат дараалсан сургалтуудын үр дүнд Дунд шатны хороод хүчин чадлын үнэлгээгээ хийж, төлөвлөлт, төсөвлөлтөө олон улсын нийгэмлэгүүдийн жишигт нийцүүлэн хийх чадвартай болох юм.
Хөгжлийн сургалтууд өнгөрсөн хугацаанд суралцсан төлөвлөлт, төсөвлөлт, байгууллагын хүчин чадлын үнэлгээгээ дүгнэж, алдаа, оноо, ололт дутагдлаа ярилцах юм.
Ази номхон далайн бүсийн төлөөлөгчийн газрын байгуулагын хөгжил ба сайн дурынхны асуудлаарх төлөөлөгч Алекс Торрес хэлэхдээ, МУЗН-ийн Дунд шатны хорооны хөгжлийг дэмжих эдгээр үйл ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид улам сайжруулах үндэс тавигджээ хэмээн дүгнэлээ.
Тухайлбал, нөөцийн менежментийн системийг Дунд шатны хороодод нэвтрүүлсний үр дүн гарч байгааг онцоллоо. Энэхүү системд Дунд шатны хороод үйл ажиллагаа, гишүүнчлэл, сайн дурын идэвхтэн нарын судалгаа зэрэг мэдээллээ боловсруулан оруулж байх юм. Өнгөрсөн 7 дугаар сард 50 удаа энэ системд хандаж мэдээллээ оруулж байсан бол өнөөдөр энэ тоо өсч 1200 хүрсэн нь сайшаалтай хэмээн хэлсэн.
Мөн төлөвлөлт, төсөвлөлтийн аргачлалд хороод суралцаж, ирэх оны төлөвлөгөөгөө олон улсын жишгээр хийж эхэлжээ. Гагцхүү тайлан, төсөвлөлтөө хийсний дараа гүйцэтгэлээ сайжруулах шаардлага буй ажээ.
Дунд шатны хорооны нягтлан бодогч, арга зүйч нарт “Тендерт оролцох ур чадвар” сургалтыг МУИС-ийн багш Жавхлан зааж байна.
Төрдөө нэмэлт хүч болж ажиллах чиг үүргийн дагуу нийгмийн халамж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэхэд мэдлэг мэдээлэл олгох хэрэгтэй байна.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 8 дахь заалтын дагуу 9 үйл ажиллагааны долоог нь МУЗН-ийн Нийгмийн халамжийн хөтөлбөрийн туршлагажсан ажилтнууд бэлтгэх бололцоотой юм. Өөрөөр хэлбэл, эмзэг бүлгийн иргэдэд нийгмийн халамж үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс зохион байгуулах бааз суурь бий. Энэхүү халамжийн үйл ажиллагааг гүйцэтгэхэд зарлагдсан тендерт МУЗН-ийн арга зүйч, нягтлан бодогч нар оролцох мэдлэг мэдээлэл олгоход энэхүү сургалтын зорилго чиглэж байна.
Санхүүгийн менежментийн талаар сургалтад Бүсийн санхүүгийн хөгжлийн зохицуулагч Дэвид Силваража оролцож байна. Энэхүү сургалтаар МУЗН-ийн өнөөгийн санхүүгийн үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл өгч байгаагаас гадна хөрөнгө аривжуулах, орлого нэмэгдүүлэх талаарх аргачлалыг зааж байна. Мөн Дэвид Силваража санхүүгийн нээлттэй хариуцлагатай байх зарчмын талаар хичээл зааж, Олон улсын холбоо, хорооны авлига, залилан зэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар мэдээлэл өгчээ.