Нийтэлсэн өдөр: 2023.10.09, даваа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар 1992 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг "Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэж, хувь нэмрээ оруулж чадахуйц байхыг хэлдэг аж.
Энэ өдрийн хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран сайн дурын идэвхтнүүд болон ажилтнуудын дунд “Сэтгэцийн эрүүл мэндийг гутаан доромжлох асуудалд анхаарлаа хандуулах нь” сургалт, уулзалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хорооны ажилтнууд болон сайн дурын идэвхтнүүдийн төлөөлөл хамрагдаж байна. Сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын Халамжийн хөтөлбөр хариуцсан Ахлах ажилтан А.Мөнхтуул чиглүүлэн ажиллаж байна.