Баянзүрх дүүргийн 100 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Нийтэлсэн өдөр: 2023.09.29, баасан


Монголын улаан загалмай нийгэмлэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Элчин сайд яамны дэмжлэгтэйгээр 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өнгөрсөн 08 дугаар сард үерт өртсөн айл, өрхүүдэд бэлэн мөнгө, гал тогооны багц, хөнжил гудас зэрэг хүмүүнлэгийн тусламж үзүүлэв. Тодруулбал, 2023 оны 7 болон 8-р сард үргэлжилсэн борооны улмаас үерт нэрвэгдсэн Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай аймаг, Баянзүрх дүүргийн нийт 200 өрхөд бэлэн мөнгө (370,000 төгрөг), гал тогооны багц, хөнжил, гудас олгох ажлыг зохион байгуулж ирсэн юм. Хүмүүнлэгийн тусламжийг гардуулах үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Соёлын ордонд зохион байгуулж, 9, 11, 20, 21, 23, 27, 29, 34, 35-р хорооны 100 өрхөд тусламжийн барааг хүлээлгэн өгөв. 

Баянзүрх дүүргийн иргэдэд тусламж гардуулах үйл ажиллагаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын төлөөлөл оролцов.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Элчин сайд яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй энэхүү хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд нийт 80,657 Евро буюу 302,044,495 төгрөгийн тусламж олгосон юм.