Нийтэлсэн өдөр: 2023.09.20, лхагва
Монголын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан загалмайн байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Бүс ба зам-Гэрэлт аялал” нүдний болор цайх оноштой ахмадуудад үнэ төлбөргүй хагалгаа хийх, үзлэг, эмчилгээнд хамруулах төслийг 2019 оноос хойш хэрэгжүүлж ирсэн билээ.
“Бүс ба зам-Гэрэлт аялал” нүдний болор цайх оноштой ахмадуудад үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ үзүүлэх төслийн энэ оны үзлэг, хагалгааг 2023 оны 09 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Улсын Төв Хоёрдугаар эмнэлэгийн Нүдний тасагтай хамтран зохион байгуулав. Үзлэгт нийт 300 гаруй ахмадууд хамрагдсанаас 100 хүнд нүдний болор солих хагалгааг амжилттай хийж дуусгаад байна. Энэхүү нүдний болор солих хагалгааг БНХАУ-ын явуулын үзлэг, оношлогооны тоноглогдсон зориулалтын машинд хийж, иргэдэд хараа бэлэглэсэн юм.
Нүдний болор булингартахыг нүдний болор цайх өвчин гэдэг. Нүдний болор цайх нь нүдний хараа муудах, хараагүй болох гол шалтгаан болдог аж. Нүдний болор цайх өвчин нь 50-иас дээш насныханд, өндөр настнуудад элбэг тохиолдог юм. Харааны бэрхшээлтэй олон иргэнд ертөнцийг харах гэрэл гэгээ бэлэглэж байгаа энэхүү хүмүүнлэгийн үйлс нь 2019 оноос хойш үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 410 хүнд нүдний болор солих хагалгааг амжилттай хийгээд байна.